Тус аймагт сүүлийн үед тууралтат халдварт өвчний тохиолдол ихсэж байгааг АНЭ-ийн Халдвартын тасгаас анхаарууллаа. Үүн дундаа улаан эсэргэнэ, гар хөл амны өвчин, энтеровирусийн халдвар зонхилж байна. Он гарсаар энэ төрлийн өвчний 100 гаруй тохиолдол бүртгэгдснээс хүнд, хүндэвтэр оноштой иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилжээ.
Нийт тохиолдлын 80 гаруй нь энтеровирусийн халдвар, 16 нь гар хөл амны өвчин, үлдсэн нь улаан эсэргэнэ байна. Эдгээр халдварт өвчнөөр 0-5 насныхан буюу цэцэрлэгийн хүүхдүүд өвчлөх нь элбэг байгаа аж. Мөн насанд хүрэгчдэд ч цөөнгүй илэрчээ.
Халдварт тууралтат өвчин бол цэвэр хувь хүний ариун цэвэртэй холбоотой. Гар хөл амны өвчин, улаан эсэргэнэ зэрэг нь бохир гараар дамждаг тул гарын ариун цэврийг сайтар сахих, энтеровирусийн тухайд амьсгалын замаар халдварладаг учир олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж хэвших шаардлагатай. Хэдийгээр сургууль, цэцэрлэг амарсан ч олон нийттэй харьцдаг гэр бүлийн гишүүд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахих шаардлагатай. Эдгээр өвчний үед халуурах, биеэр тууралт өгөх шинж тэмдэг илэрнэ. Энэ тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, оношоо батлуулах шаардлагатай. Гэрээр дур мэдэн эмчилгээ хийснээр тууралт хувьсан өөрчлөгддөг тул онош төөрөх, цаашлаад өвчин хүндрэх эрсдэлтэй. Тиймээс шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд ЭМБ-д хандах хэрэгтэй гэдгийг АНЭ-ийн Халдвартын их эмч С.Шижир-Эрдэнэ санууллаа.
Мөн тус аймаг хачигт халдварын сэжигтэй тохиолдол тав бүртгэгдэж, шинжилгээг Зооноз өвчин судлалын төврүү илгээхэд хоёр нь хачигт халдвар мөн болох нь тогтоогджээ. Тиймээс мөн хачигт хазуулсан хачгийг зааврын дагуу авах эсвэл ЭМБ-д хандах шаардлагатайг анхааруулав.