Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БАГААРАА ЛОГИК ПАЗЗЛЫН ДЭЛХИЙН АВАРГАД ОРНО

30 дахь удаагийн логик паззлын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгаас бүтэн баг оролцохоор боллоо.

Тодруулбал тус тэмцээнд Монгол Улсаас оролцох А, В, С багуудын оролцогчдын нэрс зарлагдсан бөгөөд үүнд Сүхбаатар аймгаас А багт А.Оюун-Эрдэнэ, З.Хишигдалай, Б.Золбар, Б.Жаргалхүү С багт Д.Доржханд нар сонгогджээ. Тэмцээн 2023 оны 10 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд Канад улсын Торонто хотод зохион байгуулагдана.

5 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон улсын логик, паззлын уралдааны II шатыг зохион байгуулжээ. Энэхүү шатанд 21 аймаг, нийслэл хотоос шалгарсан шилдэг 182 оролцогч хоёр өдрийн турш нийт 4 цаг 30 минутын бодолт хийж 15 төрлийн 36 паззл бодож өрсөлдөж, ангилал тус бүрийн шилдэг 9 оролцогчдыг шалгаруулжээ. Өөрөөр хэлбэл тус тэмцээнээс Монгол Улсаас ДАШТ-д оролцох баг тамирчдыг шалгаруулсан байна.

Өнгөрсөн жилийн ДАШТ-д тус аймгаас сонгогдсон багш, тамирчид мөн Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан бөгөөд А.Оюун-Эрдэнэ шилдэг наймд шалгарч байсан юм.