Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТӨСЛИЙН ҮР ДҮНД ГАНГА НУУРЫН УС СЭРГЭЖ, 2005 ОНЫ ТҮВШИНД ХҮРЧЭЭ

Дарьгангын Ганга нуур нь 2016-2017 онуудад 70 хувь нь ширгээд байсан. Тэгвэл “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төслийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүнд нуур сэргэж, 2005 оны түвшинд хүрсэн гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ. Тус төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа санаачлан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэ төслийн хүрээнд молцог элсний ургамалжилтын судалгаа, Ганга нуурын хагшаасын судалгаа, Ганга нуурын хамгаалалтын 16 км хашаа татах, нуурыг малын хөлөөс чөлөөлөх зорилгоор ойр орчмын 45 өрхийн дунд бэлчээрийн зориулалттай 10 худгийг гаргаж малчдад хүлээлгэж өгсний зэрэгцээ нуурын салхин дээд талд 10 га-д 8000 гаруй мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн Ганга нуурын эргээс 500 м зайд аялагч жуулчдад зориулсан тохижилтын талбай буюу бичил цэцэрлэг хүрээлэнг байгуулжээ.

Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, судлаач эрдэмтэд Ганга нуурын хамгааллын ажлыг цогц болгох 2 дахь шатны судалгааны ажлыг явуулж, менежментийн төлөвлөгөө боловсруулахаар боллоо. Энэ хүрээнд нуурын эх цутгал булгуудыг сэргээх, нуурыг хамгаалах ойн зурвасыг өргөтгөж тэлэх, нуурыг элс, шороон шуурганаас хамгаалах “Чулуужуулах” ажлыг хийж хэрэгжүүлэх зэрэг хамгааллын ажлуудыг хийхээр төлөвлөв. Ганга нуурыг хамгаалах энэхүү ажил нь Монгол улсад нуур сэргээсэн жишиг ажил болж байгаа бөгөөд цаашид ширгэсэн нууруудыг сэргээхэд томоохон туршлага болж буйг БОАЖЯ-аас онцолжээ.

Нуур ширгэсэн шалтгаануудыг эх цутгал булгуудын ширгэлт, элс, шороон шуурганаас үүдэлтэй бохирдол, нуур орчмын 20,000 гаруй малаас үүдэлтэй бохирдол зэрэг байна гэж эрдэмтэн дүгнэсэн байдаг.