ЭЕШ өндөрлөж төгсөгчид мэргэжил сонголтоо хийж буй энэ цаг үед хүүхэд, залуусын хамгийн ихээр сонирхдог мөн тэр хэрээр хамгийн их эрэлттэй мэргэжил болох хэвлэл мэдээлэл, медиа урлагийн чиглэлээр чадварлаг боловсон хүчинг бэлтгэн гаргадаг Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийн захирал, Доктор, дэд профессор Г.Сүхбаттай ярилцлаа.
-Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа дүү нарын маань өнөөдрийн хамгийн чухал асуудал яах аргагүй мэргэжил сонголт. РТМУС-ийн бэлтгэж байгаа мэргэжлүүдийн хувьд өнөөдрийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлагын талаарх таны бодол, зөвлөгөөгөөр яриагаа эхэлбэл ямар вэ гэж бодлоо.
– За эхлээд чиг хандлагын хувьд хэдэн үг хэлэх нь зөв. Манайх Радио Телевиз Медиа Урлагийн Сургууль… МЕДИА ГЭСЭН ТОДОТГОЛЫГ НЬ АНХААРААРАЙ. Хүн төрөлхтний түүхэнд эдийн засаг, нийгмийн том том форматуудыг өөрчилсөн гарын хуруунд багтах хэдхэн л хувьсгал, эргэлтийн үеүд байдаг. Боолын нийгэм, Феодалын нийгэм гэхээсээ илүү Аж үйлдвэрлэлийн эрин, Мэдээллийн эрин гээд хорвоо ертөнцийн тавилыг бүрэн өөрчилсөн цаг үеүдийг би энд дурдаад байгаа юм.
Асар хурдтай өнөөдрийн цаг үед Мэдээллийн эрин маань л гэхэд хэдийн төгсөж бид ХИЙМЭЛ ОЮУН УХААНТАЙ зэрэгцэн амьдрах өөр нэг цаг хугацааны тэсрэлт рүү шилжиж байх шиг байна. Энэ бол концептуаль эрин гэж ухаантнууд дүгнээд байна. Концептуаль эриний хамгийн том шинжүүр бол Медиа хөгжил юм. Энгийн үгээр тайлбарлавал Үйлдвэрлэл-мэдээлэл-технологи гэсэн гурвалын зайшгүй давхарга болж орж ирж байгаа урлаг, товчхондоо бол эдгээрийн нийлэмжийг Медиа гэсэн үгээр тодруулж болно. Медиа бол өнөөдөр ертөнцийн хамгийн хүчээ авсан чиг салбар, хүн төрөлхтний ажил амьдрал урсан өнгөрөх хамгийн том платформ болж. Хүүхэд бүр, хүн бүр утаснаасаа салахгүй байна гэдэг бол бид тэр чигээрээ медиа ертөнцөд амьдарч байгаагийн илэрхийлэл шүү дээ.
Манай бэлтгэн явуулдаг хөтөлбөрийн эрэлт хэрэгцээ бол энэ эрин үед хамгийн чухал хэрэгцээтэй мэргэжлүүд. Бид телевиз, радиогийн сэтгүүлчид, телевиз, киноны зураглаач, кино найруулагч, график дизайнер, аниматорууд, дууны мастеринг хийдэг найруулагчид, телевизийн инженер, техникчдийг бэлтгээд 30 гаруй жил болж байгаа энэ чиглэлээрх улсын тэргүүлэх ганц сургууль юм. Өөрөөр хэлбэл өнөөх Медиа платформ дээр хүний үйл ажиллагааг амилуулах гол арга хэрэгслүүдийг бид хүмүүст мэргэжил ур чадвар болгон олгодог сургууль гэсэн үг. Ингээд бодохоор манай сургуулийн хөтөлбөр өнөөдрийн, цаашилбал маргаашдаа эрэлт хэрэгцээ нь бүр ч нэмэгдэх тийм чухал чиглэл болж байгаа биз.
– Та РТМУС-иас бэлтгэдэг хөтөлбөр бүрийн талаар товч товч мэдээлэл хүргэх үү.
-Зургаан үндсэн хөтөлбөр байна. Киноны найруулагч хөтөлбөр нь манай сургуулийн хамгийн эрэлттэй мэргэжил юм даа. Монголын кино урлагийн салбарт хүчээ авч байгаа олонх найруулагчид манай сургуультай холбоотой. Элсэн орох шалгалтын хувьд нийгэм, монгол хэлний шалгалтын аль нэг нь 440 оноо байхад ур чадварын шалгалтаа өгнө.
Зураглаачийн хөтөлбөр мөн л монголд эрэлт хэрэгцээтэй мэргэжил. Манай төгсөгчдийн амжилтын хамгийн сүүлийн жишээ л гэхэд, сарын өмнө Каннын кино наадамд бүтээлээ толилуулаад ирсэн. Нийгэм, монгол хэлээрээ 440 оноо авсан байхад ур чадварын шалгалтаа өгч тэнцэнэ.
Бид график дизайн, медиа анимейшны хөтөлбөрөөр оюутан сургадаг. Мөн л хамгийн эрэлттэй, өнөөдөр цалингийн хэмжээ нь манай улсад л гэхэд хамгийн багадаа 2,8 сая төгрөгөөс эхэлж байна. Гадны орнуудад сарын цалин 120 мянган ногооноос эхэлдэг байх жишээтэй. Нөгөө талаар энэ мэргэжил бол гадаадад ажиллах, ур чадвараа дээшлүүлэх хамгийн боломжит гарц. Англи хэл, математикийн шалгалт 440 оноо авсан байхад ур чадвараа хар зураг зохиомжоор өгч элсэх боломжтой.
Өнөөдөр Дууны найруулагчгүйгээр Медиа ертөнц амьдрахгүй. Дууны технологийн хэмжүүр 3 эсвэл 4 хэмжээснээс цааш гарч. Өнөөдөр сонсогчийн дөрвөн талд нь дууг стереогоор салгаж чадахгүй байх аваас үзүүлж, харуулж байгаа юмын чанар шууд гологддог цаг үе ирж… Ажил дээр гараад цалин хөлс нь 3 сая төгрөгөөс эхэлж ярьж байна шүү дээ. Мөн л нийгэм, монгол хэлний шалгалтын аль нэгд нь 440 оноо авсан бол ур чадварын шалгалтаа өгөөд манайд орж болно.
Цаашид эрэлт хэрэгцээ нь шууд өсөн нэмэгдэж байгаа, хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил бол Телевизийн инженер байна. Энэ мэргэжлийн цалин 4 сая төгрөгөөс эхлэн яригдах болжээ. Инженерийн мэргэжил маань төрөөс дэмжлэг туслалцаа авч болох, хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд ч орчихсон яваа. Энэ чиглэлээр мэргэшүүлдэг цорын ганц сургууль бол РТМУС шүү дээ.
-Сургалтын онцлогийн талаар зарим нэг тодруулга өгөхгүй юу?
-Манай сургуулийн сургалт нь сургалт-уран бүтээл хосолмол хэлбэрээр явагддаг, прагматик чиг баримжаа давамгайлсан гэдгээрээ бусад их дээд сургуулиас онцлогтой юм уу даа. Продакшн буюу практи- дадлага давамгайлсан хичээлүүд голлоно. Түүндээ медиа чиглэлийн суурь мэргэжлийн хичээлүүдийг цогц болгож, ур чадварыг сайжруулах, дадал болгох тал дээр анхаарч ажилладаг. Үр дүнд хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэгдэнэ. Дахин хэлье, оюутнууд маань суралцаж байх хугацаандаа л анимейшн хийж, кино, уран бүтээл туурвиж, “Анхны бүтээл” зэрэг олон улсын наадамд оролцож, уралддаг, тэр ч байтугай өөрийн гэсэн студиэ байгуулдаг гээд шууд ажил амьдралын гараагаа эхлүүлдэг явдал манай сургууль дээр түгээмэл. Энэ жил гэхэд найруулагчийн ангийн болон зураглаачийн ангийн оюутнуудын хоёрын зэрэг уран сайхны кино дэлгэцэн дээр нээлтээ хийлээ шүү дээ.
-Сургалтын орчин их чухал байх, тийм ээ?
-Тэгэлгүй яахав. СУИС-ийн РТМУС дээр сургалтын үйл ажиллагаа, уран бүтээлийн аль аль нь хослон явагдахад бүрэн боломжтой сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон “Дебют” театр, “АБ” бичлэгийн студи, Анимейшны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, синтетик дэлгэц бүхий лаборатори, дуу бичлэгийн студи, кино танхим гээд хэрэгцээт орчин тоног төхөөрөмжөөр хэрэндээ л хангагдсан. Мэдээж цаг хугацаатай уралдаж байдаг технологийн дэвшил хойно, энэ бүхнийг дахин шинэчлэх, боловсронгуй болгох шаардлага жилээр биш өдөртэй уралддаг болсон шүү дээ. Гэхдээ л түүнээс хоцрохгүйг л хичээж байна. Оюутан яг л үйлдвэрлэл дээр гараад уран бүтээлээ туурвиж байгаа шиг орчин бол бүрэн бүрдсэн. Энэ студи лабораториудаас зарим тохиолдолд, жишээ нь сургалт түшсэн янз бүрийн хөтөлбөр төслийн дараа уран бүтээлүүд шууд төрж гарч байна үү дээ. Манай оюутнууд үүндээ их дуртай байдаг л даа.
-Элсэлт хэзээ эхлэх вэ?
Элсэлтийн бүртгэл 6-р сарын 26-ныг дуустал явагдана. Ур чадварын шалгалттай хөтөлбөрүүд 6-р сарын 20-ноос 23-нд өдөр бүр 10.00 цагт өөрийн хичээлийн байрандаа шалгалтаа авч, өдөртөө оноо дүнгээ гаргаж, хариу өгнө.
–Ур чадварын шалгалт өгөх хаяг?