Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТӨСЛИЙН ҮР ДҮНД ГАНГА НУУР СЭРГЭЖЭЭ

Дарьгангын Ганга нуур нь 2016-2017 онд 70 хувь нь ширгээд байсан. Тэгвэл “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсцыг сайжруулах” төслийн хүрээнд хийсэн ажлын үр дүнд нуур сэргэж, 2005 оны түвшинд хүрсэн гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ. Тус төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа санаачлан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэ төслийн хүрээнд молцог элсний ургамалжилтын судалгаа, Ганга нуурын хагшаасын судалгаа, хамгаалалтын 16 км хашаа татах, нуурыг малын хөлөөс чөлөөлөх зорилгоор ойр орчмын 45 өрхийн дунд бэлчээрийн зориулалттай 10 худгийг гаргаж малчдад хүлээлгэж өгсний зэрэгцээ нуурын салхин дээд талд 10 га-д 8000 гаруй мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн Ганга нуурын эргээс 500 м зайд аялагч жуулчдад зориулсан тохижилтын талбай буюу бичил цэцэрлэг хүрээлэнг байгуулжээ.