Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЭЕШ-Д АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ СУРАГЧДАД УРАМШУУЛАЛ ОЛГОВ

Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа нар ЭЕШ-д амжилт үзүүлсэн багш сурагчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Улмаар математикийн хичээлээр 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарт уламжлал ёсоор мөнгөн урамшууллыг олгов. Мөн ЭЕШ-д 800 оноо авсан хоёр сурагчийн сургалтын төлбөрийн 50 хувийг орон нутаг хариуцан төлнө гэдгийг мэдэгдлээ.

Тодруулбал, Баруун-Урт сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сурагч Э.Цэлмэг, Нэгдүгээр сургуулийн сурагч П.Мөнх-Учрал нар сонгосон сургуульдаа элсэн төлбөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр суралцахаар боллоо.

Тус аймаг 2023 оны ЭЕШ-д математикийн дундаж оноогоор улсад тэргүүлсэн. Үүнд голлох үүргийг гүйцэтгэж, шавь нараа бэлтгэсэн багш О.Батцэцэг, Г.Даваанамсрай, М.Эрдэнэ, Д.Өсөхбаяр нартай орон нутгийн удирдлагууд санал солилцож, цаашид суурь хичээлүүд болох хими, физик, математик, англи хэлний хичээлүүдийн зөвлөх багш нарын багийг бүрдүүлж, аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл ирэх хичээлийн жилээс дээрх хичээлүүдээр ЭЕШ-ын амжилтаа бататгах, илүү ахиулахад анхаарч төр бодлогоор дэмжин ажиллахаар болсон юм.