Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮХБААТАР АЙМАГ БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Сүхбаатар аймаг болон БНХАУ-ын Ляонин мужийн Ардын засгийн газрын Гадаад харилцааны албаны төлөөлөгчдийн хоорондын хамтын ажиллагааны  уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтаар хоёр талын хөгжлийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Цаашид дэд бүтэц, газар тариалан, ХАА-н салбарт хамтран ажиллах боломжтой гэж үзээд албан ёсны санамж бичиг байгуулах үйл ажиллагааг ирэх намар хийхээр тогтов.

Сүхбаатар аймаг нь БНХАУ-ын Ляонин мужтай  2013, 2014, 2015 онуудад аймаг, муж хоорондын найрсаг харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан олон салбарын хамтын ажиллагаа, “Нэг бүс-Нэг зам” бүтээн байгуулалтын чиглэлээр хамтран ажилласаар ирсэн урт хугацааны найрсаг харилцаатай байсаар ирсэн. Бүс ба зам санаачлагын хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтцийн  бүтээн байгуулалт болон хоёр талын нийгэм, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, худалдааны салбар  дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ашигтай харилцааг бий болгоход энэхүү уулзалт нь үнэтэй хувь нэмэр оруулна бид итгэж байна. Манай аймгийн хувьд нийгэм, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, худалдааны чиглэлээр гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг татан, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж байгаа тул та бүхний санал, төслийг дэмжин хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн аймгийн Засаг дарга М.Идэрбат илтгэлийнхээ эхэнд дурдав.

Монгол Улс нь Ази Европыг холбосон тээврийн коридорын гол хэсэг бөгөөд Сүхбаатар аймгийн нутагт орших Бичигт боомт нь БНХАУ-ын Жинжөү боомтоор дамжин Монгол Улсын далайд гарах хамгийн дөт зам болж байгаа бөгөөд Бичигтээс Жинжөу боомт хүртэлх тээвэрлэлтийн зам нь 866 км орчим гэж тооцоологддог.    Иймд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зүүн бүсэд, тэр дундаа манай аймагт Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн хил орчмын төмөр зам барих, Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулах, Бичигт хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох зэрэг томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжихээр туссан. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр зүүн бүс нутгийг түшиглэсэн Монгол, Орос, Хятад цаашлаад Солонгос, Япон Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны шинэ гарц бий болох төдийгүй Монгол Улсын далайд гарах хамгийн дөт замыг бий болгоно.          

Энэхүү төмөр зам болон авто замыг барьж байгуулснаар зүүн бүсэд хөрөнгө оруулалт нэмэгдэх, зам, тээвэр, эрчим хүч, уул уурхай, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжил шинэ түвшинд хүрэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардлыг бууруулах цаашлаад ажлын байр нэмэгдэх, хүн амын амжиргааны түвшин сайжирч дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийг хангах зэрэг чухал ач холбогдолтой юм.