Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СЭТГЭЛИЙН ГАЛ ХАНДИВЫН АЯНЫ ХҮРЭЭНД 15 ӨРХӨД ТУС БҮР 15 ЭМ ХОНЬ ӨГӨВ

Өнгөрсөн тавдугаар сард Сүхбаатар аймгийн ихэнх нутагт болсон байгалийн гамшгийн улмаас олон тооны мал хорогдож, шуурганд уруудаж, малчид багагүй  хохирол амссан. Гамшигт өртөж, амжиргаа нь доройтсон малчдад туслах Сэтгэлийн гал хандивын аяныг өрнүүлж, 21 сая төгрөгийг цуглуулж чаджээ. Улмаар аяныг санаалагчид хонь худалдан авч, 15 малчин өрх тус бүрт 15 эм хонийг хүлээлгэн өглөө.

Хандивын малыг 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот дахь Баруун-Урт сумын нутгийн зөвлөл, “Талын түрлэг” ТББ, үе үеийн төгсөгчид, аймаг сумын удирдлагын төлөөлөл хамтран малчдад гардууллаа. Баруун-Урт, Асгат, Мөнххаан, Уулбаян, Сүхбаатар сумдаас малын хорогдол ихтэй өрхийг сонгож, хонийг нь шатахууны зардлын хамт өгсөн юм. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд амжиргаа болсон хэдэн малаа алдсан ч  нутгийн иргэдийнхээ тус дэмээр хандивт ирсэн малаа өсгөн үржүүлэхийн төлөө хөдөлмөрлөнө хэмээн малчид ярьж байлаа.

Улаанбаатар хот дахь Баруун-Урт сумын Нутгийн зөвлөл, Сүхбаатар аймгийн сэтгүүлч, уран бүтээлчдийн Талын түрлэг ТББ-аас санаачлан уг “Сэтгэлийн гал” хандивын аяныг нэг сар гаруйн хугацаанд өрнүүлсэн юм. Аянд Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын сургууль төгссөн 14 үеийн төгсөгчид болон хувь хүмүүс сэтгэлийн хандив өргөжээ. Нутгийн иргэдийнхээ сэтгэлийн өглөгөөр бүтсэн энэхүү хандиваар аяныг санаачлагчид өсөж үржихийг бэлгэдэн дан эм хонь худалдан авч, гамшигт хамгийн их хохирсон өрхийг сонгосон байна. хонио мөн нутгийн малчдаа дэмжин тэднээс худалдан авсан байна.