Аймгийн ИТХ-ын ээлжит бус 18 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд 18 төлөөлөгч танхимаар хоёр төлөөлөгч цахимаар оролцов. Энэ удаагийн хуралдаанаар орон нутгийн хөрөнгөөр хэрэгжих томоохон төслүүд, Мөнххаан Халзан сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах зэрэг үндсэн зургаан асуудлыг хэлэлцэж, нэгээс бусад асуудал нь дэмжигдэв.
Тодруулбал, нэрт яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит болон Сүхбаатар аймгийн гаралтай зохиолчдын нэрэмжит хүрээлэнг нэгтгэн “Талын наран” цэцэрлэгт хүрээлэнг хуучин наадмын талбайн газар дээр байгуулахаар боллоо. Уг ажлыг ОНХС-ийн 2,5 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөжээ. Тус хүрээлэнд 10 гаруй нэр төрлийн мод бут бүхий ногоон төгөл бий болно.
Концессын барих, ашиглах, шилжүүлэх төрөл буюу компанийн хувийн хөрөнгөөр Түвшинширээ, Уулбаян сумдыг халаалт дулаан, цэвэр бохирын нэгдсэн шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлэхээр болов. Уг ажлыг Сэтгэшгүй нэмэх, Эм Эс Ки & Ти Ю компаниуд гүйцэтгэх бөгөөд 10-12 жил өөрсдөө хариуцан ажиллаж үүнээс хойш орон нутагт шилжүүлэн өгөхөөр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд ашиглалт, арчлалт гээд бүх үйл ажиллагааг гүйцэтгэгч компаниуд хариуцна.
Баруун-Урт сумын нэгдүгээр багийн нутагт байх Амгалан хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах санал аймгийн ИТХ-аар дэмжигдлээ. Тус гэр хороолол нь нисэх буудлаас баруун хойд зүгт 800 метр Боловсрол хорооллоос баруун тийш 400 метр зайд байрлах багөөд төлөвлөлтөд хамрагдах нийт нутаг дэвсгэрийн хэмжээ нь 15,5 га аж. Мөн Мөнххаан, Халзан сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
Харин түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгох асуудал ээлжит бс хуралдаанаар дэмжигдсэнгүй. Асгат сумын нутаг дэвсгэрт буюу дөрвөн хэсэг газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул эрхлэх саналыг Улаанбаатар хотын нэгэн компани аймагт өгчээ. Тус компани нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд дээрх газруудад плита үйлдвэрлэлийн түүхий эдийг хайж, илэрсэн тохиолдолд хайгуулын ажил эрхэлж улмаар Асгат суманд аймаг төдийгүй улсын хэмжээнд анхдагч болохуйц плитаны үйлдвэрийг байгуулахаар төлөвлөсөн байжээ. Гэвч хайгуул эрхлэх зөвшөөрөл нь дэмжигдсэнгүй.
Сүхбаатар аймагт элс, хайрганы үнэ огцом өссөн. Үүнийгээ дагаад барилгын материал болоод орон сууцны үнэ ч тэнгэрт хадаж буй. Уг нь байгальдаа үнэгүй байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг олноор олгож, дэмжих нь зөв гэдэг байр суурийг хэсэг төлөөлөгчид хэлж байв. Харин нөгөө хэсэг нь хайгуулын зөвшөөрөл аваад өөр зориулалтаар ашиглах эрсдэл бий гэх хардлага бий учир татгалзаж байгаагаа тайлбарлаж байлаа.