Сүхбаатар аймагт нэгэн үе тэмээ ховордож, тэмээ хариулах малчин үгүй болсон гэж хэлж болно. Харин сүүлийн жилүүдэд тэмээг өсгөж хариулах малчдын тоо нэмэгдэж байна. Олон жил тэмээн сүргээ өсгөж, маллаж буй цөөхөн малдын нэг бол Сүхбаатар сумын гуравдугаар багийн малчин Ц.Гиваа юм. Тэрбээр Сүхбаатар аймагт 30 гаруй жил тасраад байсан МҮОНРТ-ийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит Алтан ботгоны шагналын эзэн боллоо.
Ц.Гиваа зуны тэргүүн сарын билэгт сайн өдөр нутгийн уул усныхаа энгэрт, гэр бүл ахан дүүсийнхээ хамтаар шагналаа гардан авлаа.
1992 оноос ХАА-н салбарт хөл тавьсан бөгөөд анх өмч хувьчлалаар таван хошуу мал, тэр дундаа 15 тэмээг авч малчин болж байжээ. 2008 оноос тэмээн сүргийнхээ тоогоор орон нутагтаа тэргүүлж эхэлсэн байна. Өнгөрсөн онд гэхэд л 140 гаруй тэмээ тоолуулжээ.
Алс зайдуу нутаглахыг эрхэмлэдэг. Тэмээг бол нэг их гардаад байдаггүй. Хариулгаар нь өсгөж, төлөө авдаг. Ботго ингэ, эр тэмээ гээд хоёр хэсэг бэлчээдэг. Бусад малаа ч таваарлаг байдлаар өсгөхийг хичээдэг. Одоогоор 2000 гаруй бог, 100 гаруй адуу, 300-аад үхэртэй. Нэгэн үе мал сайн өсөж бог мал 5000 давж байлаа. 1986 онд гэргийтэйгээ айл гэр болж, найман хүүхэд төрүүлж өсгөлөө. Тав нь гэр бүл болж тусдаа гарсан. Хүүхдүүдээ гэр бүл болоход нь малаасаа тасдаж өгдөг. Үүний зэрэгцээ зөвхөн өөрийн хүүхүүд бус бусад залуу гэр бүлийг ч малжуулдаг. Малчин болсноосоо хойш энэ хугацаанд нийт 20 гаруй өрхийг малжууллаа. Үүгээрээ орон нутагтаа тэргүүлдэг. Энэ бол бас л бахдам сайхан амжилт гэж Ц.Гиваа ярилаа.
2002 онд том хүү Г.Амартүвшингийн хамтаар хоёулаа мянгат малчны болзлыг хангаж байжээ. Мөн түүний мажуулсан өрхөөс мянгат малчид ч төржээ. Ц.Гиваа ийнхүү залуу малчдадаа тогтмол мал маллах арга туршлагаасаа хуваалцаж, мөн тэднээс суралцдаг гэдгээ хэлж байв.