Монгол Улсын УГЗ, зураач Ё.Бадарч өөрийн бие даасан найм дахь удаагийн үзэсгэлэнгээ дэлгэж, олны хүртээл болголоо.
Тэрбээр “Будар судар” хэмээх үзэсгэлэндээ 1980-аад оноос хойш өнөөг хүртэл зурсан 30 гаруй сор бүтээлээ дэглэн зон олныхоо мэлмийг мялааж байна. Уран зураг, хөрөг, судалгааны ажлын дээжис нь энэхүү үзэсгэлэнд багтжээ. Мөн энэ үеэр түүний 130 гаруй бүтээлийг багтасан уран зургийн цомог бүхий номын нээлт болсон юм. Уг уран зургийн цомог нь Сүхбаатар аймгийн соёл урлагийн салбарт анхдагч гэдгээрээ онцлог.
Дорнод Монголын нүүдэлчин ард түмний түүх, соёл, аж амьдрал, гайхамшигт байгаль орчин, ан амьтад, мал сүрэг, хүн зон ардынхаа дүр төрхийг уран бүтээлдээ тусган харуулсан 500 гаруй уран зураг, зураасан зураг, монументаль, чимэглэлийн бүтээл болон ардын уламжлалт өв урлалын чиглэлээр судлал шинжилгээний бүтээлийг туурвиж ирсэн. Энэ бүхний минь сор, дээж нь уг цомогт багтсан” гэж МУУГЗ, МУЭ-ийн гишүүн,зураач Ё.Бадарч хэллээ.