Сүхбаатар аймаг 2023 оны ЭЕШ-ын дундаж оноогоор анх удаа улсад тэргүүлсэн билээ. Үүнд онцгой амжилт гаргасан сургууль, хамт олон, багш, сурагчдад зориулсан “Талархлын үдэш”-ийг Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ, Дарьганга зочид буудал хамтран зохион байгууллаа. Улмаар 30 багшийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
ЭЕШ-д сурагчдаа амжилттай бэлтгэн, сурагчдын гүйцэтгэлийн оноогоор улс, аймгийн дунджаас дээгүүр шалгагдан Сүхбаатар аймгаа улсад тэргүүлэхэд өөрийн мэдлэг ур чадвараа дайчлан үнэтэй хувь нэмэр оруулсан 10 багшид Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-аас тус бүр Талархал, нэг сая төгрөгийн хамт, 10 багшид Дарьганга зочид буудлын нэрэмжит Талархал нэг сая төгрөг, гарын бэлэг, 10 багшид Талархал тус бүр 200 мянган төгрөгийн шагналыг олголоо.
Мөн ЭЕШ-аар 800 оноо авсан сурагчид болох П.Мөнх-Учрал, Д.Цэлмэг нарыг УИХ-ын гишүүн Н.Ганибал тус бүр 500 мянган төгрөгөөр шагнав.
Салбарын бодлого, менежментээ зөв тодорхойлж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлэн үр дүнг нь үзэж чадсан аймгийн БШУГ-ын дарга Л.Байгалмаа болон аймагтаа ЭЕШ-ын оноогоор эхний таван байрыг эзэлсэн сургуулийн удирдлагуудад Дарьганга зочид буудлын нэрэмжит шагналыг гардуулсан нь гэнэтийн бөгөөд содон байлаа. Учир нь энэхүү шаналыг зөвхөн уг үйл ажиллагаанд зориулж тусгайлан захиалгаар хийлгэжээ. Өөрөөр хэлбэл орон нутгийн соёлын онцлогийг илтгэсэн уг бүтээл нь ердөө тавхан ширхэг үйлдвэрлэгджээ.
Энэ мэтчилэн боловсролын салбарынханы баяр дээр баяр нэмсэн, тэднийг ирэх жил амжилтаа бататгах, урам зоригтой ажиллах эрч хүчийг өгсөн үйл ажиллагаа бол Талархлын үдэш байлаа гэдгийг багш нар хэлээд багш нарын оюуны их хөдөлмөрийг үргэлж үнэлж, урамшуулж байдаг Сүхбаатар нэг мөрөөдлийн залуустаа талархаж буйгаа илэрхийлж байлаа.