JCI Монгол байгууллагын JCI Chairman салбараас хэрэгжүүлж буй “Save children” төслийн хүрээнд АНЭ-ийн Төрөх тасагт 66,5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Нярайн яаралтай тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай буюу дутуу нярайд чиглэгдсэн суурь төхөөрөмж бүхий 18 нэр төрлийн 22 ширхэг тоног төхөөрөмж багтжээ.
Сүхбаатар аймаг дутуу нярайн эндэгдэл багатай аймагт тооцогддог. Аймгийн хэмжээнд жилдээ 1200 орчим эх төрдөг. Үүний 5-6 хувь нь дутуу нярай байдаг байна. 2022 онд 59, 2023 оны эхний таван сарын байдлаар 14 дутуу нярайг бойжуулжээ. Ингэж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдснаар нярайд үзүүлэх тусламж үйлчилгээ илүү сайжирна гэдгийг АНЭ-ийн дарга Д.Алтантуяа хэллээ.
Төслийн нээлт болон тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд JCI Chairman салбарын 2023 оны ерөнхийлөгч А.Батгэрэл тэргүүтэй хамт олон оролцов. Тус хамт олон “Save children” төслөө найм дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд зүүн аймаг тэр дундаа Сүхбаатар аймагт анх удаа хэрэгжүүлж буйгаараа онцлог аж.