Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮХБААТАРЫНХАН МОРИНЫ УРАЛДААНЫ СОЁЛООРОО Ч МАНЛАЙЛАХ БОЛОМЖТОЙ

Хурдны өлгий нутаг Сүхбаатарынхан адууны соёлоороо гайхагддаг ард түмэн. Тэгвэл энэ жилийн наадмаар тус аймгийнхан морины уралдааныг маргаан тэмцэлгүйгээр хүүхэд мориндоо ээлтэйгээр, маш эмх цэгцтэй зохион байгуулж болдог гэдгийг тодоор харуулж, хурдан морины уралдааны соёлоороо ч манлайллаа. Цаашид энэ жишгээрээ наадах боломжтой юм байна гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат онцлов.

Тэрбээр хэлэхдээ, уралдааныг эмх цэгцтэй зохион байгуулах үүднээс наймаас дээш машин дагуудахгүй байх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр ч бодит байдал дээр маш хэрэгжсэн. Үүнд орон нутгийн удирдлагууд төдийгүй уяачид, уралдаанч хүүхдүүд, наадамчин олон үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Биеэрээ үлгэрлэхийн тулд удирдлагуудаас нэг ч хүн морь дагаагүй. Хамгийн гол нь шийдвэрийн хэрэгжилтэд маш сайн хяналт тавьж ажилласан Цагдаагийн газрын хамт олон болон морины комиссынхондоо талархал илэрхийлмээр байна. Цаашид бид үүнийгээ жишиг болгоод явах бүрэн боломжтой гэв.

Цагдаагийн газраас зохион байгуулсан уяачдын зөвлөөнөөс гарсан уриалгад үндэслэн гаргасан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу уралдааныг хүн эмнэлэгийн хоёр, мал эмнэллэг, цагдаа, хурдан морины салбар хороо, хэвлэл мэдээлэл, даамал, чиглүүлэгч гэсэн найман машин л дагасан бөгөөд сумдууд ч дээрх шийдвэрийг дэмжиж, бүгд нэгдэн шаардлагатай 4-5 машиныг дагуулсан байна.

Аймгийн баяр наадмын тухайд энэ жил хоёр дах өдрөө бүх насны морьд уралдсан. Хур борооны улмаас уралдааны замын нөхцөл байдал хүнд байсан учир уг шийдвэрийг гаргаж, зургаан насны морийг нэг өдөрт нь уралдуулсан. Ингэхдээ ямар нэг саад бэрхшээл гараагүй, мориноос унан бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.