Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЛТАН ОВООНЫ 110 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН БЭЛТГЭЛ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Төрийн тахилгат Алтан овооны 110 жилийн ойн баяр наадмын бэлтгэл болоод энэ үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Ойг 8 дугаар сарын 5, 6-нд тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан бөгөөд баярын нээлтийг 8 дугаар сарын 4-ний 20.30 цагт хийхээр төлөвлөжээ.

Мөн тус өдрийн 22.30 цагт Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн лав хуврагууд долоон бурхан одыг тахих аж.

8 дугаар сарын 5-ны өглөө Алтан овооны тахилгын зан үйл болон бусад баяр наадам, урлаг соёлын үйл ажиллагаанууд хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана. Тодруулбал,  Дарьганга өв соёлоо сурталчлах хүрээнд соёлын биет өв, биет бус өвийг өвлөн уламжлагчдаа алдаршуулах, сурталчлан таниулах арга хэмжээ, урчуудын үзэсгэлэн буюу чулуу, мөнгөн урлал, гэрэл зургийн үзэсгэлэнгүүд дэлгэгдэнэ. Тахилгын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирж оролцоно.

Алтан овооны их тахилгад зориулж аймгийн хөрөнгө оруулалтаар Дарьганга суманд шинээр наадмын талбай барьж байгаа. Барилгын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Талбайг тойрсон 18 асар, хүндэтгэлийн гэрүүд баригдана. Мөн хүндэт зочид төлөөлөгч, хандивлагч нарт зориулсан 100 гэрийг барихаар төлөвлөсөн. Ер нь энэ удаагийн тахилгаар 30 гаруй мянган хүн цуглана гэж тооцоолж байгаа. Үүнтэй холбоотойгоор ариун цэврийн байгууламжийг боловсон, эко байдлаар шийдсэн. Өөрөөр хэлбэл уламжлалт нүхэн жорлонгоос бүрэн татгалзсан. Мэдээж иргэд, наадамчдад үйлчлэх хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх 60-70 гэрт зөвшөөрөл олгож байна. Худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон авто машинаас ямар нэг татвар хураамж авахгүй. Харин Дарьганга сумын ЗДТГ-аас худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс бага хэмжээний хогны хураамж авахаар шийдвэрлэсэн. Баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна гэж ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Г.Мөнхзаяа хэллээ.