Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЛТАН ОВООНДОО ИРГЭД ХЭРХЭН СҮСЭГЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Арван цагаан буян дэлгэрсэн Алтан овооны сүлдэн их тахилга айл гэрт аз жаргал бялхуулж, төр, түмний аз хийморийг бадраадаг гэдэг. Алтан овооны их тахилга эртнээс тогтсон нарийн дэг жаягтай байжээ. Овоо тахилгын ариун сан, ерөөл магтаал, уншлага, шившлэгийн үг, ая, данг зохиож, ёслол хүндэтгэх дэг ёсыг тогтоожээ. Харин иргэд, сүсэгтнүүд хэрхэх вэ?

Алтан овоог эргэж мөргөхөд дээд, доод хоёр замын доод замаар эмэгтэйчүүд, дээд замаар эрчүүд явж мөргөл, ёс үйлддэг. Өргөл мөргөл үйлдэхдээ хүмүүс заавал овоон дээр гарч, Батцагаан суваргын хана туурганд өрөм тос, өөх мах нялж, чихэр боов овоолж өргөх албагүй. Гэр майхан, унаа машиныхаа дэргэдээс овооныхоо бараа харагдах холоос ч сүсэглэн мөргөж, цай, сүү, идээнийхээ дээжийг өргөж, ариун цагаан сэтгэлээ Алтан овоотойгоо холбон залбирахад л хангалттай хэмээн дээдсүүд захин үлдээжээ.

Овоо тахилгын үеэр өөр нэгэн сайхан уламжлалт ёс заншил нь хол ойроос ирсэн ахан дүүс, төрөл садан, үеийн нөхөд уулзан золгож, майхан хөсгөөрөө харилцан айлчилж, цай, идээ, боов, чихэр, айраг, таргаар дайлж хүндлэх бөгөөд архи дарс огт хэрэглэдэггүй байжээ.

Хүн, хөсөг олноор цугларсан үед газрын хөрс талхлах, ус булаг бузарлах, хог хаягдал орхихыг хатуу цээрлэж, ингэсэн хүмүүсийг олноороо муулж баалдаг нийтээр сахидаг ёс дэгтэй байсан байна.