Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Алтан овооны тэнгэрийг тайх тахилга 110 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн хэсэг газарт завсар үйлчилгээ, тохижилтын ажлыг 20 орчим сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ.
Тодруулбал, малын хөлийг хорих зориулалтаар босгосон Алтан овооны урд энгэрийн 500 метр хуучин хашлагыг стандартын төмөр хашаагаар солих, овооны энгэрийн задгай талбайгаас суварга хүртэлх явган хүний замыг шинээр тавих, иргэд жуулчид хамгийн ихээр саатдаг сумын угталт үдэлтийн хаалганы тохижилтыг хийж саравч сүүвдэрч бүхий талбайтай болгожээ. Мөн Оргихын булагаас Ганга нуур хүртэлх газрыг засварлаж, явган хүний зам болон бусад шаардлагатай зүйлсийг ч хийжээ. Хэдийгээр Ганга нуурын эргийг тохижуулах томоохон төсөл хэрэгжиж, тэнд бүтээн байгуулалт тохижилтын ажил хийгдсэн ч яг Оргихын булаг орчмын тохижилт орхигдоод байсан юм.