Дарьгангын шавар зуух бол эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн үнэт өв юм. Зуух нь өөрөө соёлын биет өв бол түүнийг барих арга технолгийг бүрэн эзэмшсэн хүн нь соёлын өв тээгч болдог. Сүхбаатарынхан тэр дундаа Дарьгангын хошууны сумдын малчин айлууд өнөө хэр нь шавар зуухыг ахуй хэрэглээндээ ашигласаар байгаа. Нүүдлийн соёлоос уламжлагдсан ирсэн уг шавар зуухыг зөвхөн Сүхбаатар аймагт харах боломжтой.
Шавар зуухыг гэрийнхээ голд болон хаяандаа барьж болдог. Хавар намартаа гэрийнхээ голд барьж яндангаа тооноор гаргаснаар дулаан хадгалалт сайн байдаг. Харин зундаа хаяандаа барьдаг бөгөөд үүнийгээ хаяа зуух гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл зөвхөн зуух л гэрийн дотор байх ба яндангаа хаяагаараа гадна талдаа гаргадаг. Ингэснээр гэрийн дотор халдаггүй, гэр сэрүүхэн, зай талбай ихтэй байдаг байна. Мөн зуны буюу сүүл саалийн цагт нэг яндантай 2-3 зуухыг зэрэгцүүлэн барьдаг. Үүнийгээ ихэр зуух хэмээн нэрлэдэг.
Нүүдэл хийгээд шинэ хотонд буун эрчүүд ханаа дугуйлаад гэрээ барьж байхтай зэрэгцэн гэрийн эзэгтэй шууд зуухаа зэрэг барьчихдаг. Хүссэн хэмжээгээрээ нүх ухаад түүнийгээ тойруулан шавраар зуухныхаа ханыг хийнэ. Ердөө 5-10 минутад зуух бэлэн болно. Харин нүүж явахдаа зуухны үнсээ цэвэрлэж аваад хананы шаврыг буулган нүхээ булж орхидог.
Яг энэ үйл явцыг Алтан овооны их тахилгын үеэр зочид, жуулчдад хийж сонирхуулсан юм. Барьсан шавар зуухан дээрээ Дарьганга түмний уламжлалт хоол хүнс болох шар тостой хуймаг, сүүний хоолоо хийж зочдыг дайлж цайлсан нь олны сонирхлыг хамгийн ихээр татаж байлаа.