Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МӨРӨӨДЛИЙН ГООЛ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ ДАРЬГАНГА СУМАНД БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор улс орон даяар зохион байгуулагдаж буй ЕБС-иудын аварга шалгаруулах Мөрдөөлийн гоол хөлбөмбөгийн тэмцээний нээлтийн  тоглолт Дарьганга суманд боллоо. Хоёр насны ангиллаар явагдсан  тус тэмцээнд 21 багийн 180 гаруй өсвөрийн тамирчин оролцжээ.

Мөрөөдлийн гоол тэмцээний нээлтийн тоглолтууд дөрвөн аймагт зэрэг явагдсан бөгөөд ийнхүү Сүхбаатар аймгийн Дарьганга сум сонгогдсон аж.  Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болдоор ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж, нээлтийн тэмцээнийг зохион байгуулжээ.

Ажлын хэсгийнхэн энэ үеэр аймгийн Засаг дарга М.Идэрбаттай уулзаж орон нутагт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй ЕБС-иудын аварга шалгаруулах Мөрөөдлийн гоол тэмцээнийг орон нутагт хэрхэн үр дүнтэй, амжилттай зохион байгуулах талаар санал солилцсон байна. Мөн цаашид орон нутагтаа хөлбөмбөгийн спортыг дэмжих, олон төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж хамтран ажиллахаар болжээ.

Мөрөөдлийн гоол тэмцээнд 800 гаруй сургууль оролцож буй бөгөөд сум,  аймаг, бүс, улс, олон улс гэсэн таван шатлалаар үргэлжлэх аж.