Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ОНГОН, ДАРЬГАНГА, НАРАН СУМЫНХАН ЦАХИЛГААНЫ НАЙДВАРТАЙ ЭХ ҮҮСВЭРТЭЙ БОЛНО

Онгон суманд байрлах цахилгаан дамжуулах 35/15кВ 1000кВа трансформаторт энэ оны 5,7 дугаар сард хоёр удаа гэмтэл гарч, цаашид ашиглах боломжгүй болжээ. Тус эх үүсвэрээс Наран, Дарьганга сумд цахилгаанаа авдаг. Тиймээс даруй өргөтгөх шаардлага үүсчээ. Нөхцөл байдалтай танилцсан аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг нэн тэргүүнд уг асуудлыг шийдвэрлэж, орон нутгийн төсвөөс 150 сая төгрөг заруулахаар шийдвэрлэлээ.

Хуучин хүчин чадлыг нэг дахин нэмэгдүүлж 2000 кВа шинэ трансформаторыг худалдан авах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.  Ингэснээр тус аймгийн гурван сумдын иргэд цахилгааны найдвартай эх үүсвэртэй болох юм.

Онгон суманд өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай үргэлжилж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн 300 сая төгрөгөөр төвлөрсөн халаалтын зуухаа бүрэн шинэчилж, 30 гаруй аж ахуйн нэгж, айл өрхийг дулаанаар хангаж эхэлжээ. Цаашид хэрэглэгчдээ нэмэх боломжтой юм байна.