Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Хөхөө намжилын хөгжмийн хөг алдарлаа…

Наран мандах Сүхбаатар нутгийн Онгон сумын онгод хийморь дүүрэн амьдарсан Лувсангийн Цэдэвсүрэн гавьяатаа мөнх хөх тэнгэрт морин хуурын эгшиг хангинуулахаар одсоныг цахимаас өчигдөр мэдлээ. Түүнийг сайн таних авч сайн мэдэхгүй. Гэхдээ үлдсэн үр хүүхдүүд, үргэлжлэл шавь нар, үлэмж төгөлдөр урлагийн бурханд нь зориулан сүүлчийн удаад сайхан үг хэлмээр санагдаад сууж чадахгүй, биеэ голохгүй бичмээр бодогдоод босож болохгүй байна. “Боломж олдвол сайн хүний тухай дахин дахин ярь, муу хүний тухай ганц удаа дуугар” гэсэн уриатай билээ би. Түүний тухай эрхэм анд Гомбын Сүхээ сэтгүүлч “Сэтгэлийн чанадад . . .” номондоо “Хул шаргал аялгуу”, Д.Улаанаа дүү “Сүхбаатарын өнгө” сониндоо “Дарьганга хуурч” гэсэн сайхан хөрөг нийтлэл бичсэн байдаг. Тэр нийтлэлүүдээс илүү сайныг хэлж үл чадах ч сэтгэлээсээ арван үг хэлмээр санагдана.

Бидэн хоёр тусгаар тогтносон Монгол улсынхаа төрийн тэргүүний мутраас улсын гавьяат цолны тэмдгийг нэг өдөр нэг цагт зээрийн хоёр эвэр шиг зэрэгцэж зогсоод хүртсэн хувь заяаны холбоотой “хөдөөний хөдсөн дээлтэй хамууд” билээ. Цар тахал цахилаад, халдварт өвчин халиад хүндхэн байсан үед, хэцүүхэн байсан мөчид хоёронтоо хөтлөлцөөд нийслэлээ зорьж түргэвчилсэн шинжилгээг тоймгүй олон удаа өгч байж энгэртээ эрхэм тэмдгээ зүүсэн “эгэл борхон андууд” билээ. Өнгөрсөн намар миний цолны мялаалгын ёслолыг нээж тэрээр хуураа татаж, түүний гавьяатын найран дээр би зуу татаж байснаас хойш олон уулзаагүй санагдана. Та бидэн хоёр хэдийгээр үе мултрах шахуу насны зөрөөтэй ижил жилтэй ч үеийн найзууд шиг дуу алдан уулздаг байсан.

Л.Цэдэвсүрэн гуайг Дарьгангын аглагхан талын алдарт морин хуурчийн нэгэн болохыг, аймгийн Соёлын ордны хөгжимчин, хөгжмийн багшаар хагас зуун жил шахуу ажиллаж байсныг, алсын Москва, Чита, Хөх хотын урлагийн тайзнаа морин хуураа уянгалуулж явсныг, өнөөдөр ч дуулагдсаар байгаа сэтгүүлч Ш.Бат-Өлзийн “Шинэ Дарьганга нутаг” магтаал шүлгэнд ая хийснийг, “Могой хээр”, “Нүцгэн цавдир”, “Харцага зээрд”, “Хөх нуурын тогоруу”, “Доголон цагаан”, “Ширүүн хар” гэсэн зургаан морин хуурын татлагыг улсынхаа алтан фондод хадгалуулж “Өв тээгч” болсныг, хоёр зуу гаруй дууны ая хөгийг тааруулсныг, урлаг соёлын улсын уралдаанд долоон удаа оролцож таван алт, хоёр мөнгөн медаль хүртснийг хэзээ хойно хэвлэл номноос мэдсэн. Тэрээр ном эрдмийг нь заалгаж завдаагүй ч жинхэнэ урлагийн, ёстой уран бүтээлч байсан гэдэг.

Орчлонгоос орчлонд одсон түүний араас, орон нутагт минь өвлийн өнгө наашлаад, Онгоны шаргал элсэнд намрын хяруу цайраад, одлоо гэж үү гэдэг оновчгүй ганцхан үгийг танд зориулах хэцүү байна. Өнөөдөр алдрай үрс нь ааваараа дутаж байгаа, ахан дүүс нь Алтан овоо шиг нөмрөө үгүйлж байгаа, аймгийн соёл урлагийнхан алт шиг ахмадаа санаж байгаа, анд өвгөд хөгшид нь алиахан найзаа дурсаж байгаа. Төрдөө ихийг бүтээсэн дээ, та минь гэж уужран, түмэн олондоо нэртэй явсандаа ах минь гэж тайтгарья. Хөх монголын нэгээхэн хэсэг хөрст ногоон талын эзэн заяа наран мандах нутгийн нарлаг элс бударганы хөндийд мэндэлж хөгжмийн хоёрхон чавхдасаар хоёр зууныг дамнан хүмүүн олныг үе дамжин уярааж явсан хосгүй хуурч Ш.Сааралын хайртай шавь Л.Цэдэвсүрэн хэмээх соёлын өвийн сод бурхны сүүлчийн аялгуу солгой дуугарлаа. Эрхэм таны эмгэнэлийн галд эгэл бяцхан цуцал ганцыг нэмье. Буян болтугай.

Д.СЭНГЭДОРЖ