Эрдэнэцагаан сумын сургууль “Сургуульд суурилсан энтерпрайз” төслийг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Дизайн технологийн хичээлээр дамжуулан сурагчдыг амьдрах зөв арга барилд сургах, хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлэх зорилго бүхий төслийн хүрээнд тус сургууль 110 сая төгрөгийн хөрөнгө санхүүжилт авч, сурагчид гар урлалын олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдан борлуулж байна.
Анх манай сургууль 75 сая төгрөгийн төсөл бичиж өгсөн. Төсөл маань шалгараад 2022 оны 12 дугаар сард 115 сая төгрөгийн тоног төхөөрөмж, бараа материал ирж бид хамтдаа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл технологийн кабинетад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөө бид төслөөр дамжуулан авч чадсан гэсэн үг. Одоо манай сурагчид оёмол бүтээгдэхүүн 10 төрлийн, гар урлал таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн өнгөрсөн зунаас бид BB брэндээ гаргаж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ ажиллаж байна. Боловсрол бидний брэнд гэсэн утгыг агуулсан брэнд гэдгээрээ онцлог. Төслөө хэрэгжүүлснээс хойш хоёр удаа үзэсгэлэн худалдаанд бүтээлээрээ оролцож, нийт 600 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийж, олон захиалгыг шинээр авсан. Мөн уг төслийг хэрэгжүүлэгч Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Ховд, Говьсүмбэр аймгийн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ирж туршлага судлаад явсан. Энэ бүхэн манай хүүхдүүдэд маш их урмыг өгсөн. Цаашид олон шинэ шинэлэг бүтээгдэхүүнийг хийж аймаг төдийгүй улсын хэмжээнд жишиг болох зорилгыг бид тавиад байгаа гэж сургуулийн технологийн багш А.Номин хэллээ.
Японы Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийг Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн зорилтот 25 суманд 2020-2023 онд хэрэгжүүлж байгаа. Төслийн тогтвортой байдлыг хангаж Энтрепренершипийн боловсрол, үйл ажиллагааг орон нутагт түгээн дэлгэрүүлэх үүднээс төслийн хүрээнд Сургуульд Суурилсан Энтерпрайз төслийг таван аймаг тус бүрээс нэг нэг сургууль шалгаруулан туршиж байгаа юм.