Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Залуучуудын холбоо, Шатрын холбоотой хамтран ажиллана

Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо, аймгийн Шатрын холбоотой хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Гэрээний хүрээнд талууд жил бүр залуучуудын аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахын зэрэгцээ залууст оюуны спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, залуу шатарчдыг дэмжих чиглэлээр хамтран ажиллана.

Аймгийн ИТХ-ын 17 дугаар тогтоол буюу сар бүрийн 25-ныг Залуучуудын өдөр болгон зарласан тогтоол, Нутгийн залуучууд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хамтран ажиллах гэрээг байгуулж байна. Манай холбоо спортын үйл ажиллагаанд тэр бүр оролцдоггүй. Гэхдээ оюуны спортыг бол ямагт дэмжинэ. Орон нутгаас олон сайн тамирчин төрөн гарч, улс тив дэлхийд нутгийнхаа нэрийг гаргаж байна. Бид цаашид энэ буухиаг үргэлжлүүлж, улмаар орон нутагтаа ч шатрын спортыг илүү хөгжүүлж, залуусаа үүнд татан оролцуулах болно гэж аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ц.Өлзийжаргал хэллээ.

11 дүгээр сарын 11-нд эхний тэмцээн болох аймгийн аварга шалгаруулах залуучуудын шатрын тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ.