Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭР ИРГЭДИЙН ТАРХИЙГ УГААГЧ “ТРОЛЛ” КОМПАНИ ОРОН НУТАГТ Ч БИЙ

“Дрийм колл компани орон нутагт, худал мэдээллийг  5-6 жилийн турш цахим орчинд түгээн иргэдийн тархийг угааснаар сонгох эрхэнд нь нөлөөлж байна

Та өдөрт хичнээн удаа шинэ мэдээлэл хүлээн авдаг вэ? Түүний хэдэн хувь нь яг үнэн бодит мэдээлэл байдаг бол. Таны, миний, бидний уншиж буй мэдээллийн тодорхой хувийг огт үндэслэлгүй, худал мэдээлэл эзэлж байдаг. Бүр түүнийг санаатайгаар түгээдэг сүлжээ компани бий болжээ. Өөрөөр хэлбэл хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд түгээдэг, цаашлаад намуудаас их хэмжээний санхүүжилт авдаг компани орон нутагт охин компаниа байгуулж, хар технологио хэдийн нутагшуулчихаж.

Улаанбаатар хотод 2016 оноос хойш сошиал марткетингийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Кадамайнд компани Сүхбаатар, Дархан аймгуудад салбартай. /Компанийн захиралтай утсаар холбогдсон болно/

Үйл ажиллагааны чиглэл нь сошиал маркетинг гэж байгаа боловч энэ бол өнгөлөн далдлалт байх гэсэн хардлага төрж байна. Учир нь тус компани хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд түгээдэг, идэвхжүүлдэг ажлыг гардан гүйцэтгэдэг.

Кадамайнд компани Сүхбаатар аймагт Дрийм колл нэртэй охин компаниа 2020 оны 12 дугаар сард байгуулсан. Толгой компани буюу Кадамайнд компанийн захирал С.Анхбаяр, Дрийм колл компанийн үүсгэн байгуулагч С.Анхбаатар  буюу тэд төрсөн ах дүүс. С.Анхбаатарын эхнэр Ч.Алтанцэцэг нь компанийх нь гүйцэтгэх захирал.

Дрийм колл компани комьпютер тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, түрээсийн байранд оффислодог. 4-5 ажилтантай. Оффисын байр руу нь очсон боловч цоожой байв. Ингээд тус компанид ажиллаж байсан болон хамтран ажилласан, харилцаа тогтоосон гэх хүмүүсийг эрж хайлаа. Тэдний талаар эх сурвалжууд ийн ярьж байна.

Иргэн Ч: “НЭГ АЖИЛТАН 100 ОРЧИМ ХУУРАМЧ АККАУНТ АШИГЛАДАГ”

Сүхбаатар дахь салбар компанид гурван сар гаруй хугацаанд ажилласан. Тухайн үед компанийг хариуцдаг гэр бүлийн хоёроос гадна гурван ажилтантай байсан. Нэг хүн зуу орчин хуурамч аккоунт ашигладаг. Улс, орон нутагт өрнөсөн үйл явдал болон намууд, улс төрчидтэй холбоотой бүхий л мэдээ мэдээллийг  түгээж, постууд дор коммент бичих хэлбэрээр ажилладаг. Заримдаа дээрээс заавар чиглэл ирнэ.  Намайг ажиллаж байх үеийн гол хамтрагч нь миний ажигласнаар МАН байсан. Мөн аймгийн ИТХ бүр хамтран ажиллах гэрээг байгуулж, дарга нь байнга ажил дээр ирж чиглэл өгдөг байсан. Бид сардаа 500 мянган төгрөгийн цалинтай байсан.

Намын байгууллагын төлөөлөл иргэн Б: “АМАНДАА ОРСОН ҮНЭЭ ХЭЛДЭГ ЮМ БИЛЭЭ”

2020 оны нөхөн сонгуулийн үеэр хамтран ажиллах зорилгоор уулзаж байсан. Тухайн үед захирлынх нь өгч байсан мэдээллээр зөвхөн тэдний эзэмшилд 500 гаруй хуурамч хаяг байдаг. Түүгээрээ мэдээллийг түгээх, сэтгэгдэл үлдээх, идэвхжүүлэх ажлыг хийдэг гэж байсан. Долоо хоног хамтрахад 20 сая төгрөг нэхсэн. Хэт өндөр үнэтэй байсан учир бид тохиролцоогүй. Ёстой амандаа орсон үнээ хэлдэг юм билээ. Мэдээж тэр хэрээрээ өөрсдийнхөө ажилд итгэлтэй байдаг байх. Ер нь зохион байгуулалттайгаар мэдээллийг түгээдэг, тэр хэрээрээ маш их мөнгө авдаг тролл бүлэг орон нутагт ч байдаг юм байна гэдгийг тухайн үед мэдэж байсан.  

ЗАЛУУЧУУД МЭДЭЭЛЭЛД ИЛҮҮ ШҮҮЛТҮҮРГҮЙ ХАНДДАГ УУ?

Цахим орчин бол мэдээллийн хэрэгсэл биш. Гэхдээ иргэдийн дийлэнх нь цахим орчноос бүх төрлийн мэдээ мэдээллийг хамгийн хялбараар бас хамгийн хурдан авч байна. Гэвч тухайн мэдээлэлдээ ямар ч шүлтүүргүй ханддаг, шууд итгэдэг зэрэг нь олон нийтийг төөрөгдүүлж байна гэж мэргэжлийнхэн дүгнэдэг. Харамсалтай нь иргэд, олон нийтийн  дийлэнх нь цахим орчинд буй худал үнэн нь эс мэдэгдэх мэдээллээр мэдэх эрхээ хязгаарлуулсаар байна.

Сонгогчдын төлөөлөл, иргэн О /22 настай/

Телевиз бараг үздэггүй. Сонинг бол бүр ч уншдаггүй. Ихэвчлэн мэдээллийг цахим орчноос тэр дундаа фэйсбүүкээс авдаг. Гэхдээ тухайн мэдээлэл рүү нэвтэрч орох нь ховор. Гарчгийг нь уншаад л ерөнхий ойлголт авчихдаг. Үнэн, худлын алин болоход эргэлзэх үе байдаг ч мэргэжлийн хүн л бичсэн байх гээд шууд л итгэчихдэг. Өөрт таалагдсан мэдээллийг түгээх нь ч бий. Яг энэ байдлаараа улс төрийн сонгуульд сонголтоо хийж байсан. 

Иргэн А. /64 настай/

Би багш мэргэжилтэй. Нийгмийн идэвх оролцоотой байхыг хүсдэг. Хэрэгцээт мэдээллээ бүхий л төрөл, сувгаар авахыг хичээдэг, бас түүндээ дүгнэлт хийдэг. Гэхдээ цахим орчноос бусдаас арай илүү их мэдээлэл авдаг ч телевизийн мэдээлэлд итгэдэг. Учир нь эх сурвалж нь тодорхой байдаг. Цахим орчны мэдээлэл бол энэ тал дээр хязгаарлагдмал. Сонголт хийхэд төдийлөн нөлөөлдөггүй ч нам, улс төрчид цахим орчинд мэдээлэл түгээх тал дээр илүү анхаардаг учир эргэлзэж, төөрөгдүүлэх үе бол мэдээж гардаг.

Тэгвэл 2020 Сүхбаатар аймгийн сонгогчдын ирцийн мэдээдллийг насны ангиллаар харъя.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сүхбаатар аймгийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 40,337 сонгогчдын 75,67 хувь буюу 30,537 сонгогч саналаа өгчээ. Үүнээс 11-25 насны сонгогч 3735 26-40 насны сонгогч 11,353 буюу хамгийн өндөр ирцтэйгээр санал хураалтад оролцжээ. Харин УИХ-ын сонгуульд хэрхэн оролцож байсныг графикаар үзүүлье.

Иргэд, тэр тусмаа сонгогчид мэдээллийг хүлээж авахдаа өөр өөр ханддаг. Ялангуяа залуучууд асуудалд арай хөнгөн хандаж, тэр хэрээрээ сонголт хийхэд нь ч нөлөөлдөг байх талтай.  Ямартай ч худал мэдээллийг унших яг тэр мөчид уншигчид ямар нэг бодлыг төрүүлж, тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тэгвэл энэ нь ямар хор уршигтай вэ гэдгийг хуульч ийнхүү тайлбарлаж байна.

Өмгөөллийн “Виктори парнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хуульч У.Болдхүү:

ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ЗАЛРУУЛАХАД ИРГЭД ХЭЗЭЭ Ч АНХНЫХ ШИГЭЭ ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ

Худал мэдээлэл түгээж буй зорилго гэж байгаа. Ямар ч зорилгогүйгээр ямар нэгэн мэдээлэл бэлтгээд, эвлүүлээд, янзлаад, хүн хүч цаг зав, мөнгө зарцуулад түүнийг түгээнэ гэж байхгүй. Тэгэхээр тухайн зорилго нь хувь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилготой, цаашлаад сонгогчдын саналыг төөрөгдүүлэх өөрөөр хэлбэл тухайн хүнд эргэлзүүлэх нөхцөл байдлыг үүсгэдэг. Худал мэдээллийг зохион байгуулалттайгаар бэлтгэж тараасны хор уршиг гэж байдаг. Гэхдээ түүнийг хэмжихэд их бэрхшээлтэй. Эд хөрөнгө байсан бол устаж гэмтсэн байдалд нь үнэлгээ хийгээд тогтоож болно. Гэтэл худал мэдээллийн хор уршиг, нийгэмд хүрсэн байдлыг хэмжихэд хэцүү бөгөөд хариу арга хэмжээ авах, түүнийг залруулахад мөн тийм бэрхшээл учирдаг.

Өөрөөр хэлбэл тухайн мэдээлэл нэгэнт нийгэмд хүрээд хувь хүн ямар нэг шүүлтүүргүйгээр түүнийг нь үнэн гэж бодсон тохиолдод л араас нь явуулж буй залруулга мэдээлэл нь яг анхны мэдээлэл шиг тухайн хүний сэтгэл зүйд нөлөөлдөггүйд гол асуудал байгаа юм. Монголчууд ярьдаг даа “сэтгэлд сэвтэй юм даа гэж”. Иймд үүнээс хамгаалах цорын ганц арга бол сонгогч өөрөө асуудалд анализ хийдэг, мэдээллийн эх сурвалжийг нягталдаг, түгээж байгаа арга барилыг анхаарч хардаг, тодорхой агуулгыг бүрэн ойлгох мэт ур чадварыг сайжруулах шаардлагатай байгаа юм.

Иргэд, сонгогчдын тархийг угааж, нийгэмд хар массыг бий болгоно гэдэг өөрөө маш аюултай. Орон нутагт ийм компани тогтвор суурьшилтай ажиллаад байна гэдэг нь тэдний санхүүжилттэй шууд холбоотой. Буруу гэдгийг нь мэдсээр байж тэдний ажлыг дэмжээд, тэдэнд хөрөнгө оруулсаар байх уу? Тархи юу уншина, амаар тийм л зүйл гарна…

ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

Худал мэдээллийг таних наад захын арга бол тухайн мэдээллийг мэргэжлийн сэтгүүлч эсвэл тогтмол үйл ажиллагаатай байдаг хэвлэл мэдээллийн байгууллага түгээсэн байна уу үгүй юу гэдгийг нягталж харах юм.

Мэдээллийн эх үүсвэрийг нягтлах, агуулгыг нягтлах, домэйн хаягийг нягтлах, дурдагдсан эх сурвалжийг нягтлах, тэнцвэртэй мэдээлэл өгч чадаж байгаа эсэх, тухайн мэдээлэл баримттай байна уу эсвэл хэн нэгний үзэл бодол уу гэдгийг ялгах, тухайн мдээллийг дэмжих баримтыг дурдсан эсэх гэсэн үндсэн долоон зарчим нь худал мэдээллийг таних үндсэн арга гэж тодорхойлжээ. /ЭСС-н төвийн сургалтаас/

Нам, улс төрийн байгууллагууд, улс төрчид, эрх мэдэлтнүүдэд худал мэдээллийг түгээх энэ технологийн хэрэгцээ байж болох ч түүнийг хүлээж авах олны масс нь татгалзаад эхэлвэл, өөрөөр хэлбэл наад зах нь худал мэдээлэлд итгэдэггүй, түүнийг ньтүгээдэггүй  болчихвол энэ ХАР технологи аандаа үгүй болох мэт…

Уг сонголт яг одоо танаас эхэлнэ.