Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НУТГИЙН ЯРУУ НАЙРАГЧИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ШҮҮМЖ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Чулуунбаатарын Эрдэнэбаатарын уран бүтээлийн тууривал дахь судалгааны шүүмж, хэлэлцүүлэг, ном соёлын өдөрлөг боллоо. Энэ нь тус аймагт болж буй анхны уран  бүтээлийн шүүмж, хэлэлцүүлэг гэдгээрээ онцлог.

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Яруу найрагч Ч.Эрдэнэбаатарын уран бүтээлийн туурвил дахь онцлогийг судалж, нийтэд сурталчлан таниулах, эрдэмтэн мэргэд, мэргэжлийн судлаачид, уншигчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, аман билгийн өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий тус үйл ажиллагааг аймгийн Соёл, урлагийн газар, Нийтийн номын сан, Дарьганга сумын Соёлын төв хамтран зохион байгуулсан юм.

Ч.Эрдэнэбаатар үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, миний бие өөрийн уран бүтээлээ Баруун-Урт сумын уншигчдадаа таниулахын дашрамд, судлан мэдүүлэх, яруу найраг ном бүтээлийн онцлогийг хэлэлцэж, аман билгийг түгээн дэлгэрүүлэх, шинэ хойч үедээ уламжлан өвлүүлэхийг зорьж уг ном соёлын өдөрлөгөө санаачлан хийх замаар соён гэгээрлийн үйлсэд хэвь нэмрээ оруулж байна. Санаачилгыг маань дэмжиж хамтран зохион байгуулагч, оролцогч нартаа гүн таархал илэрхийлье гэлээ.

Уг өдөрлөгт Монгол Улсын  СГЗ цолтон зургаан зочин оролцсон нь онцгой байлаа. Тодруулбал, СГЗ Г.Мэнд-Ооёо, Ай.Төмөр-Очир, До.Цэнджав, С.Амартайван, Ц.Бавуудорж, Б.Элбэгзаяа тэргүүтэй хүндэт зочид, холбогдох төлөөлөгчид мөн ӨМӨЗО-ы утга зохиолын шүүмж судлаач яруу найрагчдын төлөөлөл, номын садангууд, Баруун-Урт сумын нэгдүгээр сургуулийн сурагчид танхим болон цахимаар оролцов.

Оролцогчид бүгд зохиолчийн уран бүтээлүүдтэй холбоотой санал, шүүмжээ хэлж байсан бөгөөд эдгээрээс хамгийн бүтээлч илтгэл нь Хүмүүн бичиг сонины ерөнхий редактор, СГЗ Б.Элбэгзаяагийн илтгэл байлаа. Тэрээр Ч.Эрдэнэбаатарын Монгол ухааны эрхин хэлхээ номонд бүрэн судалгаа хийж, шүлгийн шад, үг, үсэг бүрийг тайлжээ. Харин СГЗ Ай.Төмөр-Очир зохиолч, яруу найрагч хүн уран бүтээлээ бусдаар шүүн хэлэлцүүлнэ гэдэг бол өөрийгөө зодуулж буйтай өнгө ижил. Гэхдээ энэ бол сайн зохиолчийн шинж гэдгийг тодотгон хэлэв.

Сэтгүүлч, яруу найрагч Ч.Үл-Олдох хэлэхдээ, Сүхбаатарын зохиолч, яруу найрагчдаас өмнө нь хэн ч өөрийн уран бүтээлийг эрдэмтэн, судлаачдаар дүгнүүлсэн, нөгөө талаар өөрийн хаана явааг мэдэрсэн ийм эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаагүй юм. Тэгвэл анхны салхийг Ч.Эрдэнэбаатар найрагч ийнхүү хагаллаа. Яруу найрагч хийгээд бурхны ном үзэж судалсан лам хүний хувьд Ч.Эрдэнэбаатарын уран бүтээл өвөрмөц онцлогтой. Тэр өвөрмөц сэтгэлгээтэй уран бүтээлчээс гадна бурхны ном үзсэн лам хүн. Ч.Эрдэнэбаатар лам бол монгол өв уламжлалын тээгч, өвлөн хадгалагч, түгээн дэлгэрүүлэгч. Түүнийгээ яруу найргийн хэлээр илэрхийлсэн нь хүүхэд багачууд уншаад ойлгох, амархан цээжлэх, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх ухаарал сургаалын гээд өгөөж арвинтай бүтээл болгосон нь “Монгол ухаан эохин хэлхээ” 108 бадаг шүлэг юм. Үүгээрээ тэрбээр “Монгол дархлааг бэхжүүлье гэвэл уламжлалт ухаанаа судал” хэмээн монголчуудыг уриалж, ухуулж яваа уран бүтээл. Эрхиний тоогоор бадагласан энэ шүлгээ кирил болон босоо монгол бичгийг хослуулан ном болгон хэвлүүлжээ. Мөн мартагдсан бүдгэрсэн, мэддэг боловч төдийлөн хэрэглэдэггүй, нарийн утга учрыг нь мэддэггүй, мэргэн үг сургаалыг шүлэг болгосноороо давуу талтай гэв.

Хэлэлцүүлгийн дараа оролцогч сурагчдын дунд яруу найрагчийн уран бүтээлтэй холбоотой танин мэдэхүйн уралдаан тэмцээнийг зохион байгуулж, шилдэг сурагчдыг Ч.Эрдэнэбаатарын уран бүтээлийн дээжис, мөнгөн шагналаар урамшуулсан юм.

2008 оноос хойш Сэтгэл чанадын орон, Бурханы шувуу шүлгийн түүвэр, Аравдугаар Богд Түргэнээ залрах залбирал монгол судар, Монгол ухааны эрхин хэлхээ сургаал шүлгүүд, Мөргөл зэрэг номуудаа хэвлүүлж олны хүртээл болгожээ.