Баруун-Урт сумыг бүрэн камержуулах “Ногоон бүс” төсөл хэрэгжиж эхэллээ. Энэ хүрээнд камерын хяналт, удирдлагын нэгдсэн системд холбох ажил хийгджээ. Өөрөөр хэлбэл нэн шаардлагатай буюу дэд бүтцийн асуудлууд шийдвэрлэгдээд байна. Энэ хүрээнд 2000 хүртэлх камерыг удирдан хянах боломжтой, нэг жилийн хугацаанд бичлэгээ хадгалдаг нэгдсэн хяналтын серверийг аймгийн Цагдаагийн газарт байрлуулж, ашиглалтад хүлээн авлаа.
Тус сервер нь камержуулалтын ажлын үндсэн суурь болох ба ирэх жил орон нутгийн төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг сервер дээр төр болон хувийн хэвшлийнхний камеруудыг шинэчилж холбоно. Одоогоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт сумын есдүгээр багийн нутаг дэвсгэрийн гэр хороолол, нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, авто замын уулзварууд зэрэг гэмт хэрэг зөрчил бүртгэгддэг цэгүүдэд 57 камерыг суурилуулаад байна. Уг камерууд нь хүний царай таних болон автомашины улсын дугаар таних хүчин чадалтай.
Бид ногоон бүс болох ажлыг өнгөрсөнхоёр сараас эхлүүлж, ярилцаж, судалгаа хийх, газар дээр нь очиж танилцах зэрэг ажлыг хийж байсан. Харин өнөөдөр эхний ээлжийн ажлаа хүлээн авч байгаааа таатай байна. Уг төслийг хэрэгжүүлснээр гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэргийг 30 хүртэл хувиар бууруулах, мөн тэр хэрээр гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг бид дэвшүүлж байгаа. Ер нь бүрэн камерын хяналтын бүстэй болж, холбогдох тэмдэг тэмдэглэгээг хийгээд ирэхээр илүү үр дүнгүүд гарч, Баруун-Урт суманд амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдлын мэдрэмж нэмэгдэнэ гэж үзэж байгаа гэдгээ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэллээ.
Одоогоор Баруун-Урт сумын хэмжээнд 54 камер ажиллаж байна. Гэхдээ ингэж энд тэнд байрлуулах биш цаашид баг багаар нь камержуулах байдлаар ажил үргэлжилнэ.
Ногоон бүс төслийг Мөнххаан Сүхбаатар сумд мөн хэрэгжүүлж, сумаа бүрэн камержуулахаа мэдэгдээд буй юм.