Мөнххаан суманд Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга шинээр баригдаж, улсын комисс ашиглалтад хүлээн авлаа. Тус сум нь газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо аймагтаа эхний гуравт багтдаг, улсын чанартай авто зам дамжин өнгөрдөг онцлогтой учир төрийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх шаардлага зайлшгүй тулгардаг. Тиймээс энэ төв нь цаг үеийн шаардлагад нийцсэн чухал ажил гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлж байна. Аймгийн ЗДТГ-ын захиалгаар, улсын төсвийн хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан уг барилгын гүйцэтгэгчээр Жавхлан хүслэн ХХК ажиллажээ. Хоёр давхар бүхий орчин үеийн тохижилттой төв ашиглалтад орсноор орон нутгийн болон бусад иргэд төрийн үйлчилгээг таатай орчинд, чирэгдэлгүй авах боломж бүрдэнэ гэж захиалагч тал үзэж байгаа аж.