Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Хоёр талын уулзалтаар зургаан асуудлыг хэлэлцэн санал солилцов

Сүхбаатар аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуу хоорондын хамтын ажиллагааны уулзалт 12 дугаар сарын 5-нд боллоо. Талууд зургаан асуулыг хэлэлцэн санал солилцсон юм. Энэ онд хилийн боомтоор хоёр сая тонн ачааг тээвэрлэжээ. Ирэх оноос үүнийг нэмэгдүүлж, жилд таван сая тонн ачаа тээвэрлэх зорилтыг талууд дэвшүүллээ.

Хамгийн гол нь боомтыг хөгжүүлэх замаар хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж хилээр нэвтрүүлж буй ачаа тээврийг, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах саналтай байгаагаа аймгийн Засаг дарга М.Идэрбат хэллээ.

Дөрвөн сая гаруй малтай, хөдөө аж ахуй дээр суурилдаг эдийн засагтай аймгийн хувьд малын мах урд хөрштэй харьцуулахад хоёр дахин хямд байдаг. Тиймээс эрүүл бүс байгуулж, амьд малыг гаргахад анхаарах. Зүүн үзэмчин хошунд байх хоёр хилээр иргэд, зорчигчид өөрсдийн авто машинтайгаа нэвтэрдэг болох, ачаа тээшээ хилийн шалганаар авч ордогийг болиулах буюу буулгахгүй тухайн тээврийн хэрэгсэлтэй нь хамт шалгах боломжийг бүрдүүлэх зэргийг хэлэлцэж, хамтран шийдвэрлэхийн тулд ажиллахаар болов.

Мөн Эрдэнэцагаан суманд өвсний гэрээгээр баригдсан зочид буудлын барилгын хүлээлгэж өгөх гарц боломжийг эрэлхийлэх, хил орчмын түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар саналаа солилцсон юм. БНХАУ- ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг Зүүн үзэмчин хошууны удирдлагын зүгээс хил орчмын түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг анхааралдаа авч ажиллахаар боллоо.

Уулзалтад БНХАУ талаас ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Засаг дарга Жөү Юйлүн, Хөгжүүлэлт өөрчлөлтийн газрын дарга Зориг, ЗДТГ-ын дарга Чандмань, Боомтын зөвлөлийн дарга Y Шинь, Гадаад явдлын албаны дарга Эрдэмт, Гадаад явдлын албаны ажилтан Нарсуу нар баг бүрэлдэхүүнд багтсан бол Сүхбаатар аймгаас Засаг дарга М.Идэрбат тэргүүтэй удирдлагууд оролцсон юм.  

Сүхбаатар аймаг нь БНХАУ -ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуутай 30 орчим жиийн нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаатай байгаа гэдгийг орон нутгийн удирдлагууд онцлон хэлж байлаа.