Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Н.Ууганболд: Тал нутаг, адуу хоёр төгс хоршдог учир тэр төрлийн зураг дарах илүү дуртай

Сүүлийн үед гэрэл зураг сонирхогч хүүхэд, залуус их болжээ. Энэхүү сонирхлоо ажил, бүр амьралынхаа нэг хэсэг болгсон залуус ч байх аж. Тэдний нэг бол гэрэл зурагчин Н.Ууганболд юм. Орон нутагтаа ч өөрийнгэсэн байр сууриа олсон, өөрийн гэсэн онцлогтой зурагчин. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцсан юм.

Яагаад гэрэл зураг гэдэг зүйлийг сонирхож эхлэв, яг хэзээнээс өөрөө зург дардаг болсон бэ?

2011 оноос зураг авч эхэлсэн. Аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан, наадам их болдог. Тэдгээрийн түрүүлж айрагдсан морьдыг яг барианд ороход нь зургийг нь дараад, жаазлаад зардаг байлаа. Анх бол ингэж л арилжааны чиглэлээр гэрэл зураг гэдэгтэй холбогдсон. Түүнээсээ хойш хаяг рекламын үйлдвэр, видео студид ажиллаж үзсэн. Гэхдээ удаагүй. Учир нь миний хийх ажил биш байсан. Тэгээд 2019 онд Улаанбаатар хотод Шавь гэрэл зургийн сургалтад суугаад ер нь л миний дуртай зүйл бол гэрэл зураг дарах юм байна гэдгээ ойлгосон. Одоо бол хоббигоо илүү хөгжүүлж ажил болгосон гэж ойлгож болно. Сургалтаасаа ирээд л аймагтаа фото студиэ байгуулсан. Тэр цагаас хойш яг үүгээрээ дагнан ажиллаж байна.

Гэрэл зургийн төрөл, хэв маягийн тухайд ямар нь илүү зонхилж байна?

Мэдээж бүх төрлийн зураг авдаг. Байгалийн, хөрөг, сутдийн гээд л. Гэхдээ өөрөө бол морины зураг авах илүү сонирхолтой.  Би чинь тал нутгийн хүүхэд, мал дээр өссөн. Манайх чинь хурдны өлгий нутаг, хаана л бол хаана сайхан адуу бий. Тал нутагт бэлчиж буй адууг хараад өөрийн эрхүй л аппаратаа шүүрээд авдаг даа. Жилийн ямар ч улиралд тал нутаг, адуу хоёр үнэхээр төгс хоршдог.

Тэгэхээр таны архивт морины зураг их байдаг байх нь?

Тийм шүү. Сүүлийн гурван жилийн хугацаанд дарсан зурагаа харахад зөвхөн морины холбогдолтой  200- аад зураг байна. Бүгд өөр өөрийн гэсэн өнгө аяс, онцлогтой.

Та үзэсгэлэнгээ гаргаж байсан уу?

Ер нь үзэсгэлэн гаргаж байгаагүй. Харин ирэх намраас анхны биедасан үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байна. Нэг сэдэвт баригдалгүйгээр өөрийнхөө архив байгаа сонин содоно зургаас сонгохоос гадна яг үзэсгэлэндээ зориулж урин дулаан цаг ирэхээр замд гарна гэж бодож байгаа.

Таны зургууд цахим сүлжээнд их харагддаг. Мэдээж бусадтайгаа хуваалцах нэг талбар байх л даа?

Хэдийгээр хувийн студи ажиллуулдаг ч зургаа аль болох нийтэд ил болгож, бусдадаа түгээж, хуваалцахыг хүсдэг. Нэг талаараа миний маркетинг ч байж болно. Яагаад гэвэл хүн болгон намайг мэдэхгүй шүү дээ. Тиймээс нэг зургийг маань хараад дараа нь надад хандах ч гэдэг юмуу. Нөгөө талаар цахим сүлжээ бол олон нийтийнх учир миний зургийг газар газрын хүмүүс үзэж байгаа. Тиймээс аймаг орон нутгийнхаа сайн сайхныг бас харуулахыг хүсдэг. Аль гоё сайхан гэсэн болгоны зургийг нь авч, ямар ч зүйлийг эерэгээр харуулахыг хичээдэг. Юм гэдэг хоёр талтай, муугаар харвал муу, сайнаар харвал сайн. Гагцхүү яаж харуулах нь миний мэдрэмж байх.

Энгийн нэгний аж амьдралыг харуулсан, өдөр тутамд байдаг ч бид төдийлөн хардаггүй тийм зүйлсийг та зургаараа харуулдаг. Ийм зургууд ч олонд их таашаагддаг юм шиг санагддаг?

Магадгүй тийм байх. Хотоо цэвэр цэмцгэр байлгах гээд хог цэвэрлэж зогсох  тохижилтынхон, иргэдээ хамгаалаад ямар ч цаг үед ажиллаж байдаг онцгой цагдаагийнхан, өвлийн хүйтэнд дулаан байлгах гэж хичээх уурын зуухны галчид гээд  яг л тэдний өдөр тутмын ажлыг энгийнээр, байгаагаар нь харуулах их дуртай. Тийм төрлийн зургийг  хүмүүс их сайхнаар хүлээн авдаг. Тэр нь ч тухайн хүмүүст эерэг сэтгэгдэл үлдээдэг юм шиг санагддаг.

Сүүлийн үед гэрэл зургийн уралдаануудад бүтээлээ их сойх болсон байна лээ. Хамгийн сүүлд гэхэд Монцамэ агентлагаас зарласан Монголын нэг өдөр гэрэ зургийн уралдаанд түрүүлсэн шүү дээ?

Тийм ээ. Сүүлийн үед бүтээлдээ илүү анхаарч, томоохон уралдаануудад оролцож  байгаа. Агтана хүрээт хүлэгч эрсийн наадам, Мэнэнгийн тал сав газраас зарласан байгалийн гэрэл зургийн уралдаануудад түрүүлсэн. Сүүлд Монацмэ аентлагаас зарласан уралдаанд Сүхбаатарын өнгө сонины ойд зориулсан уралдаанд оролцсон бүтээлээ сойгоод түрүүлсэн. Миний тэр бүтээл өөрөө Монголын нэг өдөр нэртэй. Гэтэл Монцамэ агентлагаас зарласан уралдаан бас Монголын нэг өдөр нэртэй байж таарсан. Тэгэхээр миний бүтээл яалт ч үгүй монгоын нэг өдрийг илэрхийлж чадаж дээ л гэж бодсон. Түүндээ маш их баярлаж, урамшсан. Харин олон  улсын уралдаанд энэ жил анх  удаа зургаа явуулж үзсэн. Миний хувьд газар газрын мундаг хүмүүстэй өрсөлдөж, тэдний бүтээлүүдтэй өөрийнхөө бүтээлийг харьцуулж, за би нэг ийм хэмжээнд яваа юм байна. Цаашид энэ тал дээрээ илүү анхаарах шаардлагатай юм байна гэдэг дүгнэлтийг өөртөө хийсэн. Энэ л надад амжилт.

Монголын нэг өдөр зургийнхаа түүхээс ярьвал?

Тэр зургийг зүгээр нэг айл дээр очоод дарчихаагүй л дээ. Яг л ингэж авна гэж хэдэн өдөр бодож төлөвлөөд, ерөнхий хар зургаа гаргаад шаардлагатай бүх зүйлийг бэлдсэн. Аймгийн төвөөс арваад километрт малчин айл очоод, аймгийн алдарт уяач н.Номуунгэрэл гэдэг уяач залууг зургийнхаа гол дүрийн эзэн болгосон. Хөдөөний малчин айл малаа хотлуулчхаад, аав нь өдрийнхөө ажлыг дуусгачхаад сонин уншиж суугааг хүүхдүүд нь тойрч зогсоод хамт харж буй өгүүлэмжтэй. Цаана нь нар мандаад, гэрийн эргэн тойронд ишиг хурга нь тонгочоод л , нэг тийм амар амгаланг илтгэсэн зураг л даа.

Ганц бүтээл гаргахын тулд зурагчнаас цаг хугацаа, ур чадвар их шаарддаг байх нь?

Тэгэлгүй яахав. Нэг зураг авах гэж хэдэн  зуун шот дарна. Дараа нь түүнээсээ үзэж сонголтоо хийнэ. Би ернь зургандаа хиймэл дүрс төрх гаргахыг хүсдэггүй. Ямар ч өгүүлэмжтэй байсан тухайн амьд биетийн тэр дундаа хүний нүүр царай яг л үнэнбайх ёстой. Царайны хувирал худлаа байх юм бол тэр зураг бүхэлдээ л муу зураг боллоо гэсэн үг. Ер нь хүмүүс зурагчдыг ганц кноп дараад л болчихдог гэж боддог. Гэвч үгүй шүү дээ. Хүссэн зургаа дарах гэж хугацаа орно, үүнийхээ дараа засвар боловсруулалт хийх гээд ажиллагаа ихтэй. Миний хувьд мэдээж торгон агшнуудыгалдахгүйг хичээдэг. Гэхдээ үүнээсээ илүү яг л ийм зураг дармаар байна гэж бодоод хэдэн өдрийн өмнөөс бэлдэж эхэлдэг. Ингэж авсан зураг цаанаа л өөр байдаг юм.

Орон нутгийн иргэд таны ажлыг хүлээж авах хүлээж авах хандлага хэр байдаг вэ?

Яахав иргэдийн ойлголт өөр өөр л дөө. Цахим хэрэглээ эрчимжиж байгаа энэ цаг үед гэрэл зураг гэдэг зүйл өөрөө хүссэн хүсээгүй бүх нийтийн хэрэгцээ болсон. Гагцхүү тэрийг яг уран бүтээл талаас нь хөгжүүлэгчид бол мэдээж гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчид. Энгийн иргэдийн хувьд урлаг уран бүтээл гэхээсээ илүү гоо сайхан талаас нь хардаг, эсвэл бүр огт  ойлголтгүй хүмүүс ч байдаг.  Миний хувьд ч гэсэн анх арилжааны чиглэлээр сонирхож байсан  бол одоо илүү уран бүтээлч байх талруугаа анхаарч байгаа. Тэгэхээр нийгэм цаг үеийн хөгжлөө дагаад хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөж ерөнхийдөө зөв талруугаа явж байна гэж харж байгаа.

Мэдээж гэрэл зурагчин хүн өөрийгөө маш сайн хөгжүүлэх хэрэгцээ шаардлага гардаг байх тийм үү?

Тийм шүү. Бүх юм цаг хугацаатай. Нийгэм, цаг үе яаж өөрчлөгдөж байна. Түүнийг дагаад юмс бүхэн өөрчлөгпөж байна. Тэгэхээр бид ч бас адил хөгжих л ёстой. Цаашид өөрийн ур чадвраа сорьсон, өөрийгөө хөгжүүлсэн томоохон төсөл дээр ажиллах үзэхийг зорьж байгаа. Учир нь гэрэл зургийн төрөл жанр ч өөрчлөгдөж байна. Жишээ нь, сүүлийн үед агаараас буюу дроноор зураг авах гэдэг төрөл хүчээ авч байна. Яахав би ч өөрийн хэмжээндээ дроноор зураг авдаг. Гэхдээ дрон маань мэргэжлийнх биш. Гэрэл зургийн техник хэрэгсэл гэдэг банга шинэчлэгдэхийн зэрэгцээ өртгийн хувьд өндөр. Миний хувьд фото аппарат, линзүүд гээд шинэчлэл хийсэн. Ирэх жилээс мэргэжлийн гэрэл зургийн дрон авахаар мөн төлөвлөсөн байгаа.

Зав гарган ярилцсанд баярлалаа. Таны төлөвлөсөн бүх ажил бүтэмжтэй байж, ирэх ондоо уран бүтээлийн олз омог ихтэй байх болтугай?

Маш их баярлалаа.