
Шилдэг уншигч шалгаруулах Судар эгшиглэн уралдаан 2023 оны шилдгүүдээ шалгаруулж, төслөө албан ёсоор хаалаа. Гурав дахь жилдээ үргэлжилж буй тус уралдаанд энэ жил 4800 орчим уншигч оролцжээ. Тэдний нэг, ерөнхий боловсролын 10-12 дугаар ангийн төрөлд шилдгээр шалгарсан Э.Даваасугартай цөөн хором ярилцлаа. Тэрбээр тус уралдаанд гурав дахь жилдээ оролцож буй идэвхтэн уншигч юм.
Юуны өмнө чамд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?
Маш их баярлалаа. Судар эгшиглэн уралдаанд анхнаас нь л оролцож ирсэн. Өнгөрсөн жил гран при цомын эзэн болж байлаа. Энэ удаад мөн шилдэг уншигчаар шалгарсандаа баяртай байна.
Энэ жилийн уралдааны онцлог нь юу байв?
Ер нь жилээс жилд оролцогчдын чадвар сайжирч, ирэх бүтээлийн чанар үнэхээр дээшилсэн, бүтээлчээр ханддаг болсон байна гэдгийг шүүгчид хэлсэн. Энэ жил оролцогч хүүхдүүд номын тэмдэглэлээ англи хэл дээр хийсэн нь надад их онцлог санагдлаа. Мөн уралдааны төрөл нэмэгдэж, илүү олон уншигчийг алдаршуулж байгаа нь таатай санагдлаа.
Төслийн хүрээнд хичнээн ном уншив. Чиний хувьд номын тэмдэглэлээ хэрхэн хөтөлсөн бэ?
Хорин ном уншсан. Гурван жилийн хугацаанд 55 ном уншсан. Би зураг зурах их дуртай. Үүндээ түшиглээд номын тэмдэглэлээ хийхдээ онцлох үйл явдлаа зургаар илэрхийлж, түлхүүр үгсээ монгол бичиг болон крилл бичгээр хослуулан тэмдэглэсэн. Миний хувьд монгол бичигтээ тийм ч сайн биш. Гэхдээ сургалтын хэрэглэгдэхүүн, материалууд маш сайн ашигласан. Ингэхээр монгол бичигт илүү сонирхолтой болох миний монгол бичгийн мэдлэг ахих гээд давуу талууд бий болсон.

Уншсан хорин номноос онцлох нь ямар ном байв. Тэр номынхоо тухай ярьж өгөөч?
Байтаг богдын нүргээн гэдэг ном хамгийн их таалагдсан. Би бүр шимтэн шимтэн уншсаар богино хугацаанд дуусгасан. Тэмдэглэлийг нь хөтлөхөд ч урамтай гоё байсан. Бодит түүхийг гуйвуулахгүйгээр уран зохиолтой хослуулсан нь үнэхээр төгс санагдсан. Хэдийгээр түүхийг нь сонсож байсан ч яг зохиолыг нь уншаад эх орноороо, эх орончдоороо үнэхээр бахархаж омогшсон. Энэ ном бол миний уншсан түүхийн номнуудаас хамгийн онцгой нь гэж би хэлнэ.
Чи хэзээнээс ном уншиж эхэлсэн бэ. Ном унших чамд ямар мэдрэмжийг өгдөг вэ?
Гуравдугаар ангиасаа хойш ном уншиж байна. Ном уншихаар стресс тайлагдаж, амар амгалан болдог. Нэг тийм амарч байгаа мэдрэмжийг өгдөг. Дээрээс нь миний сэтгэн бодох, төсөөлөх гээд тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг учир тэр хэрээрээ би хичээл номоо ч сайн ойлгож чаддаг.
Уралдаанд оролцохын зэрэгцээ гэртээ номын сан байгуулж, түүнийгээ жил бүр баяжуулдаг гэж байсан?
Тийм ээ. Энэ уралдаанд оролцохын тулд заавал унших ном гэж байдаг. Бас нэмэлтээр өөрсдөө шинэ ном уншиж болдог. Эдгээр номны олдоц янз бүр. Номын сангаас авна, хүмүүсээс гуйж уншина. Бүр олдохгүй номыг цахимаас уншдаг бас Улаанбаатар хотруу захидаг. Би өөрөө номонд дуртай болохоор номын сантай болохоор шийдээд эхлээд номын булан байгуулсан. Түүнийгээ бага багаар баяжуулж одоо бол гэрийн номын сангийн дайтай болсон.
Одоо номын сан нь хичнээн номтой болсон байна?
100 гаруй ном байгаа. Цаашид мэдээж илүү баяжуулна. Бүх төрлийн номтой болох зорилт тавьсан байгаа. Өөрөө ингээд номын сантай болчихоор гэрийнхэн ямар нэг баяр ёслолоор ном бэлэглэх хандлагатай болихдог юм билээ. Тэгэхээр энэ бол ганц надад биш манай гэрийнхэнд ч эерэгээр нөлөөлж байна гэж бодож байгаа.
Орон нутагт ер нь номын олдоц хэр байдаг юм бэ?
Сүхбаатар аймагт хамгийн дутагдалтай зүйл нь номын дэлгүүр гэж би боддог. Ном зардаг дэлгүүр ховор. Ганц хоёрхон дэлгүүр л жижиг лангуун дээр ном зарж харагддаг. Яг цаг үетэйгээ хөл нийлүүлж, шинэ номуудыг зэрэгцээд зардаг номын дэлгүүр бий болоосой гэж хүсдэг. Төрөл бүрийн шинэ номыг гарсан даруйд нь уншдаг болвол сайхан шүү дээ.
Уралдаанд оролцсноороо чамд хувь хүн талаас ямар ахиц, өөрчлөлтүүд гарсан бэ?
Нэн түрүүнд өөрөө өөртөө цаг гаргадаг болсон. Өдөрт заавал ном унших цагтай. Тэр цагтаа заавал хэдэн хуудсыг уншихыг дадал болгосон. Ингэснээр чөлөөт цагаа хий хоосон үрэхгүй, тэр тусмаа гар утас оролдохоо больсон. Утас нүдний хараанд муу бол ном эсрэгээрээ харааг сайжруулж, тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Ер нь ном унших нь хувь хүнд олон талын ач холбогдол, давуу талыг бий болгодог.
Судар эгшиглэн төсөл гурван жил үргэлжлээд өнөөдөр албан ёсоор хаалаа. Төслийн талаар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээч?
Энэ төсөл бол үнэхээр шинэлэг гоё төсөл. Анх зөвхөн аймгийн хэмжээнд байсан бол жил бүр хүрээгээ тэлж, бусад олон аймаг сумыг хамардаг болсон байна. Энэ бол төслийн уралдааны хүртээмж, цаг хүрээг илтгэж буй хэрэг. Энэ төсөл хэрэгжснээр Сүхбаатарын олон олон хүүхэд, томчууд ном уншдаг болж, номонд дурлагсад нэмэгдсэн. Сүхбаатарчууд нийтээрээ уншиж байна гээд улсын хэмжээнд хүртэл мэдээлэл тархаж буйг би харсан. Энэ гоё төслийг санаачилсан хүмүүс болоод оюунлаг хүүхэд багачуудаа дэмжиж ажилласан УИХ-ын гишүүн Н.Ганибалд баярлалаа гэж хэлмээр байна.
Ном уншихыг уриалж үе тэнгийн найзууд, дүү нартаа хандаж юу гэж захих вэ?
Хүүхдүүд гар утсанд бүхнээ даатгаж, бүх цагаа зарцуулж байгаад их харамсдаг. Онц ажил бүтээгээгүй мөртлөө зүгээр л интернэт орчноор тэнэж, цахим тоглоом л тоглодог. Мэдээж би ч гэсэн хүүхэд учраас хааяа тоглодог. Гэхдээ хэмжээ хязгаартай байх нь чухал гэж бодож байна. Тиймээс найзууд болон дүү нартаа ном уншдаг байгаарай гэж л захия. Өдөрт ядаж ганц хуудсыг уншаад сурчих, тэгвэл цаашдаа аяндаа хэвшил болоод сүүлдээ номондоо дурлаад өөрийн эрхгүй шимтээд ирдэг. Ном бол ертөнцийг харах цонх үнэхээр мөн шүү гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.