Дорнод монгол төдийгүй Зүүн Азид хамгийн томд тооцогдох гэрэлт хөшөө бүхий цогцолборын буурь тус аймгийн нутагт Донгойн ширээ гэх газар бий. Үүнийг дахин сэргээснээр аялал жуулчлалын цоо шинэ маршрут бий болох боломжтой.
Тодруулбал Түвшинширээ сумын нутаг Дэлгэрхаан уулын урд Донгойн ширээ хэмээх газар Түрэгийн эзэнт гүрний 555-745 оны үед хамаарах 11 гэрэлт хөшөө бүхий онгон, тайлга тахилгын томоохон байгууламж дурсгалт газар байжээ.Энэхүү гэрэлт хөшөөд дээр руни, хятад бичээс, олон төрлийн тамганы дүрслэл сийлсэн байдаг аж. Дөрвөн тал хэлбэртэй эдгээр хөшөөдийн дундаж өндөр нь 4-5 метр, ганц нь бусдаас илүү буюу 6,4 метр өндөртэй. Дундаж жиннь 1-3 тонн. Өөрөөр хэлбэл энэхүү дурсгал нь Монгол орны нутагт байгаа хамгийн өндөрт тооцогдох гэрэлт хөшөө юм.
2010 оноос МУИС-ийн Археологи антропологийн тэнхимийн профессор Д.Түмэнгийн удирдсан судалгааны баг, 2011онд ШУА-ийн археологийн хүрээлэнгийн ЭША, доктор Ц.Болорбат, 2013 оноос ШУА-ийн археологийн хүрээлэнгийн доктор, профессор Д. Цэвээндорж, Монгол Японы хамтарсан судалгааны баг 2015-2017 онд судалжээ. Хугарч цууран, эвдэрч сүйдсэн хөшөөдийг одоогоор яг тухайн газарт буюу буурин дээр булсан байдаг аж.
Уг цогцолбор нь Мөнххаан сумаас баруун тийш 50 км-т бий. Өөрөөр хэлбэл төв магистрал замд ойрхон. Дорнод монголын талд төдийгүй Зүүн Азид байгаа хамгийн том гэрэлт хөшөө бүхий цогцолбор гэж судлаачид үздэг. Үүнийг зохих заавар, журмынх нь дагуу дахин сэргээж, хуучнаар нь босгож чадвал энэ бол Сүхбаатар аймаг төдийгүй Дорнод Монголын цоо шинэ хийгээд маш том аялалын маршрут бий болно гэж судлаач, Дуулим тал төслийг санаачлагч Д.Амараа хэллээ.