Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Зам даваа нээх ажилд аймгийн Онцгой комиссоос дэмжлэг үзүүлнэ

Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг Өндөрхаан, Баруун-Урт чиглэлийн авто замын нөхцөл байдалтай танилцлаа. Улмаар зам нээх ажилд хүч хүчний болоод, техник хэрэгслийн дэмжлэгийг үзүүлэхээр болов.

Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Зам ангийн техник хэрэгсэл, хүн хүч хаанаа ч хүрэлцэхгүй болсон байна. Тиймээс цэргийн ангиас техник хэрэгслийн, онцгой комиссоос хүн хүчний дэмжлэг үзүүлж хаагдсан зам давааг нээх ажлыг богино хугацаанд зохион байгуулахыг үүрэг болголоо.

Зам хаагдсан хэсгүүдийн цасыг түрж чөлөөлөхөөс гадна хцнгарласан цасыг ачиж зөөвөрлөх шаардлага үүссэн байна. Ер нь сүүлийн нэг сарын хугацаанд өдөр болгон цасан шуургатай байгаа учир зам ангийн ажилчид машиндаа байрлаж замын цасыг чөлөөлөх ажлыг хийж ирсэн. Цаашид яг ийм байдалтай яваад байж болохгүй. Тиймээс энд ажиллах ажилчдын амрах байр, хоолыг сумын ЗДТГ,  Талын зам компани хариуцна гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хэллээ.

Одоогоор Мөнххаан сумаас цааш 50 км орчимд 3-4 хэсэг газарт зам хаагдаж, машин зорчих боломжгүй болжээ. Зам даваа нээх ажилд аймгийн Онцгой байдлын газар, Талын зам компани, Мөнххаан сумын ЗДТГ, Онцгой комисс хамтран ажиллана.