Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

152 дуудлага мэдээлэлд эрэн хайх, аврах ажиллагаа явуулжээ

Аймгийн ОБГ-т өнгөрсөн  оны аравдугаар сараас хойш нийт 152 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 28 нь малтайгаа уруудаж, төөрсөн 124 нь цасанд суусан, шатахууны нөөцгүй болсон гэх дуудлага байжээ.  

Дээрх дуудлагад давхардсан тоогоор 100 гаруй алба хаагч 222 цагийн аврах, эрэн хайх ажиллагаа явуулсан байна. Үүний үр дүнд 84 том хүн, 28 хүүхдийг авран хамгаалжээ.  Харин он гарсаар аймгийн хэмжээнд таван иргэн амиа алдсан байна.

Иргэд, малчид цаг уур болон бусад мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөгөө мэдээллийг сайтар сонсож, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Учир нь яг цаг агаарын аюулт үзэгдэл болсон өдрүүдэд дуудлага болон ачаалал эрс нэмэгддэг. Уг нь тухайн анхааруулга мэдээллийг 2-3 хоногийн өмнө бүхий л хэлбэрээр ард иргэдэд түгээдэг. Гэвч түүнд ач хобогдол өгөх нь бага, хайнга байдлаасаа болж өөрийн амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулж байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар, иргэд хуийн бэлтгэл, аюулгүй байдлаа хангадаггүй байдал их ажиглагдаж байна. Тиймээс авто машины бүрэн бүтэн байдлыг шалгаж, хүрз, татлага зэргийг байнга авч явах ёстой. Ер нь шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байх нь хамгийн чухал гэдгийг аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа С.Ганбат хэллээ.

Сүхбаатар аймгийн хоёр сум төмөр зудтай, үлдсэн сумд нь бүгд цагаан зудтай байгаа.  Ирэх 19, 20-ны өдрүүдэд нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурах тухай цаг уурын байгууллагаас мэдээлж буй. Иймд малчид, иргэдийг аюулгүй байдлаа хангаж, малаа ойрын бэлчээрт байлгаж, хол замд гарахгүй байхыг ОБГ-аас анхаарууллаа.