Сүхбаатар аймагт мөсний сурын аймгийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа боллоо. Өвлийн үндэсний спорт цаашлаад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан тус тэмцээнд долоон аймгийн 22 харваач цэц мэргэнээ сорьжээ.
Тодруулбал Ховд, Хэнтий, Булган, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотоос аймгийн мэргэн хоёр, спортын мастер гурав, спортын дэд мастер тав болон залуу харваачид ирж оролцжээ. Мөсний сурын харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдог. Мөн тэмцээний аваргуудад Монголын мөсний сурын холбооноос шууд цол гардуулснаараа онцлог байлаа.
Өвлийн үндэсний спорт ердөө хоёр төрөл байдаг. Мөсний шагай болон сур харваа гэж бий. Энэ хоёр тэмцээний аль аль нь манай аймагт болж байгаагүй. Сүхбаатар аймгийн хувьд улс, аймгийн мэргэдтэй, шинэ залуу харваач олонтой. Тиймээс мөсний сурын харвааг хөгжүүлэх бүрэн боломжтой. Энэ нь цаашлаад өвлийн аялал жуулчлалд ч эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс анхдугаар тэмцээнээ төрийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Анхных гэхэд газар газраас харваачид зорин ирсэн, өргөн тэмцээн боллоо. Цаашид энэхүү тэмцээнээ уламжлал болгон зохион байгуулна гэж Нэгүүн клубын харваач, аймгийн мэргэн Д.Гүндсамбуу хэллээ.
Тэмцээнд Ховд аймгийн Мөнххайрхан сум, Модун клубын харваач, спортын мастер Э. Гансүх түрүүлж сөсөн сурын “Аймгийн мэргэн” цол, хоёрдугаар байранд Булган аймгийн Баяннуур сум, Засагтхан багийн харваач Б. Баяндалай шалгарч, аймгийн “Бахлуур харваач” цол, гуравдугаар байрыг Хэнтий аймгийн Баянхутаг сум, Их хааны мэргэд клубын харваач, аймгийн мэргэн спортын мастер Ж. Энх-амгалан, дөрөвдүгээр байрыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Андууд клубын харваач, спортын дэд мастер Н. Энхтүвшин эзэлж, аймгийн нягт харваач цол, тавдугаар байрыг Ховд аймгийн Алтай сум, Засагтхан клубын тамирчин, Б. Орхон эзэлж, аймгийн эрэмгий харваач цолыг тус тус хүртэв.
Мөсний сурын аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн БТСГ, Соёл урлагийн газар, Үндэсний сурын холбоо, Нэгүүн клуб хамтран зохион байгуулжээ.