Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Отрын штабт өдөрт 5-10 эрэлч тогтмол хоноглодог

Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат сумын нэгдсэн ОТРЫН ШТАБ Эрдэнэцагаан сумын нутаг Лагийн нуурын урд талд 37-р точка гэдэг газар байгуулагдсан. Тус штабд өдөрт 5-10 эрэлч тогтмол хоноглодог байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал өнгөрсөн амралтын өдрүүдэд Отрын штабын ажилтай биечлэн танилцаж, малын эрэлд яваа малчид, иргэдтэй уулзаж, тулгарч буй асуудлуудын талаар санал солилцоод иржээ.

Отрын штабын бүрэлдэхүүнд орон нутгийн удирдах албаны хүнээр ахлуулсан эмч, тогооч зэрэг мэргэжлийн хүмүүс багтсан бөгөөд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, алдуул малын мэдээллийг нэгтгэх, зөвлөгөө мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэж байгаад малчид, эрэлчид маш таатай байна. Эрэлчдийн хувьд хамгийн хэрэгтэй үйлчилгээ болж чадаж буйг онцлоод дахин нэмэлтээр штаб байгуулах саналыг ч гаргасан. Учир нь штаб байрлаж буй нутгаар олон тооны адуу уруудаж нийлсэн, замын зорчих хэсэг үнэхээр хүнд байна. Тиймээс багадаа хоёр хэсэг газар штаб байгуулах шаардлага үүссэн байна. Энэ талаар аймаг, сумын удирдлагуудад уламжилна гэдгийг тэрбээр хэллээ.