Аймгийн Засаг дарга, Боловсрол шинжлэх ухааны сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн үнэлгээгээр Сүхбаатар аймаг улсдаа тэргүүлжээ.
Сүхбаатар аймаг 2023 онд боловсролын салбартаа 10,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Орон нутгийн төсөв болон олон улсын төсөл хөтөлбөрөөр 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол үүнээс гадна 13 сумын засаг дарга нийт 5,3 тэрбум төгрөгийг боловсролын салбартаа зориулан сургалтын чанарыг сайжруулахад зарцуулсан байна.
Боловсролын чанарыг сайжруулах, хүүхдийн эрүүл, аюулгүй байдал , хөгжил хамгааллыг дэмжихэд зориулан орон нутгийн төсөв болон олон улсын төсөл хөтөлбөртэй хамтран дээрх хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүнтэй холбоотойгоор салбарт олон эерэг өөрчлөлт үр дүн авчирснаас хамгийн онцлох үйл явдал нь Сүхбаатар аймаг ЭЕШ болон түүн дундаа математикийн хичээлээр улсдаа тэргүүлж мөн аймгийн Засаг даргын БШУ-ы сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн үнэлгээгээр 21 аймгаа тэргүүлсэн явдал юм.
Тус аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн нэгдүгээр сарын 22-нд Баруун-Урт суманд болсон. Аймгийн Засаг дарга М.Идэрбат зөвлөгөөнд оролцож, 2023 онд боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар танилцуулж, дээрх бүх амжилт нь аймаг орон нутгийн болоод салбарын удирдлагууд, баг ажилчид, сурагч эцэг эхчүүдийн хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг аймгийн Засаг дарга онцолж байв.