Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Аймгийн анхны мянгат малчны хүү Монгол Улсын аварга малчин болов

Сүхбаатар аймгийн анхны мянгат малчны хүү Б.Бат-Өлзий Монгол Улсын аварга малчин боллоо. Тэрээр гэргий Г.Эрдэнэсувд болон үр хүүхэд, гэр бүлийнхнийхээ хамтаар малынхаа хотонд, гэрийнхээ голомтод шагналаа гардан авлаа.

Тэд 1990 онд гэр бүл болсноосоо хойш 30 гаруй жил мал маллаж байна. Б.Бат-Өлзийгийнх өдгөө Наран сумын хоёрдугаар баг Ноёны хөндий гэх газар өнтэй сайхан өвөлжиж байна.  Өвөг  дээдсээс нутаглаж ирсэн энэ газар мал, малчин хоёрт ээлтэй сайхан нутаг аж. Эрт дээр үеэс ноёдын мал нутагладаг байсан тус газраас өмнө нь Монгол Улсын аварга малчин дөрөв тодорч байжээ.

Хүн зөв явахад бүх зүйл өөрөө ирдэг. Миний энэ амжилт бол зөв явсны минь шагнал. Сайн ханьтай учирсны минь, сайхан ижий аавын минь залбирал, нутаг усны минь ивээл буян гэж бодож байна. Төр засагтаа,түмэн олондоо баярлалаа. Энэ алдар нэрээ өндөрт өргөж явахын төлөө илүү их хичээн ажиллах болно гэдгээ Б.Бат-Өлзий хэллээ.

Эднийх өнгөрсөн онд жилийн эцсээр 1200 гаруй мал тоолуулсан байна. Сүүлийн жилүүдэд тогтмол энэ тоондоо барьж, малынхаа тоонд бус чанарт анхаарч буйгаа гэргий Г.Эрдэнэсувд нь ярилаа. Мөн малаас авч буй түүхий эдээ боловсруулж, сүү цагаан идээгээ боловсруулахыг илүүд үздэг. Мал аж ахуй эрхэлж байгаа л бол түүнийг дагасан жижг дунд үйлдвэрлэл заавал байх ёстой гэдгийг нь захиж байв.

Б.Бат-Өлзийгийн гэр бүл 2017 онд аймгийн аварга малчин болж байжээ. Үндэсний баялаг болсон мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон залуу гэр бүлийг малжуулж, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд бусад малчдаа манлайлан оролцдог малчин гэр бүл ийнхүү долоон жилийн дараа Наран сумын 10 дахь Монгол Улсын аварга малчин өрх болсон нь энэ юм.

Аварга малчдын шагналыг Монгол Усын Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан баг хамт олон хотонд нь очиж гардуулсан юм.