Нутаг усандаа ажилсаг, хөдөлмөрч гэдгээрээ нэртэй өрх болох Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хоёрдугаар багийн малчин Д.Ренчиндорж, А.Адъяасүрэн нар Монгол улсын аварга малчин” боллоо. Д.Ренчиндорж хөдөөд ч хүн тав тухтай сайхан амьдарч болдог гэдгийг үлгэрлэн харуулахыг хичээдгийн зэрэгцээ малаа тэр дундаа төллөх малаа ч мөн тав тухтай орчинд байлгахыг илүүд үздэг.
Тийм ч учраас өвөлжөө хаваржааныхаа хороог бага багаар засаж тохижуулсаар ашиглалтад оруулсан бөгөөд 20 орчим жилийг үүнд зарцуулжээ. Налуу газрыг тэгшилж суурийг нь цутган, чулуу болон хөрзөнгөөр ханыг нь өржээ. Сувай, төллөх, бог, бод малын гээд бүгд тусдаа хороотой. Адуу, тэмээний суурь нь ч тусгай. Эднийх өнгөрсөн жил 999 толгой мал тоолуулжээ. Малынхаа тоонд бус чанарт илүү анхаардаг бөгөөд 40 гаруй тэмээ тоолуулж, сумандаа тэмээн сүргийнхээ тоогоор тэргүүлжээ.
Д.Ренчиндорж, А.Адъяасүрэн нар сурагчийн ширээнд тохой нийлүүлэн сурсан нэг ангийн хоёр. Сурагчийн ширээнээс амьдралаа холбосон хоёр хорь гаруй жил МАА салбарт зүтгэжээ. Мал маллахын хажуугаар амьдралаараа бусдад үлгэр дууриал болж буй тэдэнд үнэхээр нүдээ олсон шагнал нь иржээ гэдгийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун шагналыг нь гардуулах үедээ тодотгож байлаа.