Монгол Улсын Засгийн газрын шуурхай баг хоёрдугаар сарын 24-нд тус аймагт ажиллалаа. Сүхбаатар аймгийн бүх сум мөсөн зудын ангилалд шилжсэн, малчин өрх бүр тавиас дээш хувийн малын хорогдолтой. Өвөлжилтийн нөхцөл байдал зүүн гурван аймагт, тэр дундаа Сүхбаатар аймагт маш хүнд байгааг ажлын багийнхан тодотголоо.
Засгийн газраас тус аймагт 140 тонн тэжээл, хоёр мянган тонн улаан буудайг олгосон. Мөн туулах чадвар сайтай долоон автомашинтай, зэвсэгт хүчний алба хаагчид сумд доторх замыг нээх ажлыг өдөр бүр хийж байна. Тэжээлийг сумдад хуваарилсан, харин улаан буудайг Улаанбаатар хотоос ойрын хугацаанд татан авахыг үүрэг болголоо.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан шуурхай багийнхан Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-Урт сумдад ажиллаж, нөхцөл байдалтай танилцах, Засгийн газраас илгээж буй тусламжийг малчны хотонд хүргэх, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээний талаар малчид болон орон нтгийн удирдлагуудтай санал солилцож мөн үүрэг чиглэл өгч яваа.
Мөнххаан сумын хувьд нутаг дэвсгэрийн 90 хувь цасан бүрхүүлтэй төмөр зуд нүүрлэсэн. 1169 малчин өрхийн 410 мянган толгой малтай. 40 гаруй мянган мал Дорнод аймийн нутгаар оторлож байгаа. УОК-оос илгээсэн Зил 131 машинаар дөрвөн багийн 416 км замыг нээжээ.
Сумын удирдлагууд цасан боогдсон замыг гаргахад УОК-оос өгч байгаа шатахуун маш их дэмжлэг болж байна. Өвс тэжээлийн тусламж нэн тэргүүнд шаардлагатай, цаашид цөөхөн малтай үлдэж хохирол амссан өрхүүдийг малжуулах асуудлыг онцгой анхаарахыг хүслээ. Мөн үхсэн малын сэг зэм устгахад дэмжлэг үзүүлэх, зам гаргаж буй Зил-131 авто машины ажиллах хугацааг сунгаж өгөхийг уламжилсан.
Тиймээс Зүүн бүсийн шуурхай бүлгийн бүрэлдэхүүн зудын эрсдэл өндөр сумдад ажиллах үеэрээ Улсын онцгой комиссоос гаргасан зарим машины ажиллах хугацааг сунгаж 21 хоног болгов. Орон нутгийн зүгээс зудын үед авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээтэй танилцаад сумдын ЗДТГ болон эрүүл мэндийн төвүүдийн авто машинд парк шинэчлэл хийсэн нь цаг үеэ олсон, зөв хөрөнгө оруулалт болж чадсан гэдгийг сайшааж байлаа.