Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Өвс худалдана гэх нэрээр иргэдийн 48,6 сая төгрөгийг залилжээ

Өвс худалдана гэх нэрээр иргэд, малчдыг залилах явдал гарч байна. 2024 он гарснаас хойш өвс худалдан авахаар бусдын данс руу 2,3 саяас 18 сая төгрөг буюу нийтдээ 48,6 сая төгрөгийг шилжүүлж, нийт найман иргэн залилуулсан тухай аймгийн Прокурорын газраас мэдээллээ.

Тодруулбал, Баруун-Урт, Баяндэлгэр, Мөнххаан, Түвшинширээ сумдын нэр бүхий иргэд цахим залиланд өртөж, одоогоор хэргийг аймгийн Цагдаагийн газарт гомдол гарган, шалгуулж байна.

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт зуд гамшгийн хэмжээнд хүрч, олон тооны мал хорогдсон хүндхэн өвөл өнгөрч, хаваржилт мөн адил хүндрэх төлөвтэй байна. Иймд иргэд, малчид та бүхэн гэмт этгээдэд хууртаж, хохирохоос урьдчилан сэргийлэхийн тулд цахим орчин болон гар утсаар харилцаж байгаа мэдээлэлд яаран итгэлгүй, сайтар нягталж байх, өвс, тэжээл худалдаж авахаар урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг Сүхбаатар аймгийн Прокурорын газраас зөвлөлөө.