Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Таеквандогийн арван тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авчээ

Сүхбаатар аймгийн тамирчдын амжилтын буухиаг таеквандогийн тамирчид  үргэлжлүүлж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд тус аймгаас оролцсон тамирчдын арав нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхийг авчээ.

Тус тэмцээнд нийт 23 тамирчин оролцож, 19 медаль хүртжээ. Арван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медалийн болзол хангаж, багийн дүнгээр хоёрдугаар байрт орсон нь энэ төрлийн спортод Сүхбаатар аймгийн баг тамирчдын гаргаж буй дээд амжилт юм.  

Таеквандогийн сургалтыг орон нутагт 2020 оноос эхлэн тасралтгүй хичээллүүлж байна. 7-18 насны тамирчдаа бэлтгэн авч явснаас хамгийн бага тамирчин маань улсын хошой аварга боллоо. Одоо бидний өмнө дараагийн том тэмцээн хүлээж байна. Бэлтгэл сургуулилтаа сайн хангаж, Азийн аварга төрүүлэхийг зорьж байна. Энэ спорт бол хүндлэлийн спорт. Хүүхүүдийн бие бялдар зөв хөгжих, өөрийгөө хамгаалах урлагт суралцахын зэрэгээ хамгийн гол нь бусдыг хүндэлж сурдаг. Тиймээс эцэг эхчүүд сүүлийн үед хүүхдээ энэ төрлөөр суралцуулдаг болсон. Манай тамирчдын эцэг эхчүүд бүгд бидний ар тал болж, хүүхдүүдээ тултал нь дэмжиж чаддаг учир бидний амжилт үргэлжилж байна. Тиймээс бүх хүмүүст талархаж явдгаа хэлмээр байна гэж дасгалжуулагч багш Г.Батболд хэллээ.

Улсын хошой аварга, долоон настай тамирчин М.Ивээл таеквандогийн спортоор хоёр жил хичээллэж байгаа. Тэрбээр хэлэхдээ, аав маань тулааны спортын тамирчин болохоор аавыгаа дагаад хичээллэж эхэлсэн. Талбай дээр тулалдах надад таалагддаг. Ирээдүйд олимпийн аварга болоод аавыгаа үүрч явахыг мөрөөддөг гэв.

Сүхбаатар аймгийн хэмжээнд тус спортоор тогтмол хичээллэдэг 50 гаруй хүүхэд бий.