Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Монгол гэр урлаач М.Ууганбаатар

Аймгийн Соёл урлагийн газартай хамтран орон нутгийн хэмжээнд байгаа соёлын биет бус өв тээгчдийг сурталчлан таниулах ажлыг эхлүүлж байгаа билээ. Эхний өв тээгч бол монгол гэр урлаач Мөнхбаатарын Ууганбаатар. Монгол гэр түүн дотроо сийлбэртэй гэрийг захиалагчдын хүсэлтээр уралдаг. Ур, хийцээрээ өөрийнх нь бүтээл бусдаас ялгардаг, нэг хийц нь давтагдашгүй гэдгээрээ онцлог.

Сүхбаатар аймагт модоор гэрийн эдлэл болон бусад төрлийн зүйлсийг хийдэг дархан, мужаан, сийлбэрч олон байдаг ч яг бүрэн хэмжээний гэр хийдэг урлаач ганц байдаг нь М.Ууганбаатар юм.

Тэрбээр багын зураг зурах дуртай байж. Ямар ч хичээл орж байсан зураг л зураад суучихдаг байснаа дурсав. Нэгэн зуныхаа амралтаар хөдөө байхдаа хотныхоо сийлбэрч ахаас жаахан мод гуйж аваад, дээр нь морь зурж хоёр өдөрт сийлж дуусгасан нь анхных нь сийлбэрийн бүтээл байжээ. Түүнээс хойш сийлбэрт илүү дурлаж, өөрийгөө бага багаар хөгжүүлсээр өнөөдрийнхөө өөрийг бүтээсэн тухайгаа М.Ууганбаатар ярилаа.

Гэр хийхэд хамгийн чухал нь түүхий эд болох модоо сонгож бэлтгэх. Сонгож авсан модоо хатаах үйл явц хамгийн их цаг хугацаа шаарддаг. Модыг наранд хатааж болдоггүй. Аль болох нарны тусгалаас хол, сүүдэрт, салхинд эврээж хатаах нь хамгийн зөв технологи. Наранд хурдан хатсан мод хагарч, цуурах эрсдэл өндөр. Миний хувьд модоо намар нь аваад өвөлдөө хатаагаад бэлтгэчихдэг хэмээн тэр ярилаа.

Гэр бол монголчуудын уламжлалт сууц. Гэхдээ нийгэм, цаг үеэ дагаад гэрийн хийц загвар өөрчлөгдөх болсон. Энэ өөрчлөлтийг урчууд ч мөн дагаж, өөрсдийн ажилдаа шингээж байна. М.Ууганбаатар ихэвчлэн сийлбэртэй гэр хийдэг. Ингэхдээ сийлбэрийн  автомат машиныг ашиглаж эхэлсэн бөгөөд гар сийлбэртэйгээ хослуулдаг байна.

2023 оноос сийлбэрийн машиныг ашиглаж эхэлжээ. Гэрийн тооно, унь, багана, хаалга гээд бүхий л сийлбэртэй хэсгийн ажлыг тус машин гүйцэтгэнэ. Харин бэлэн болсон бэлдэцийн сийлбэрийг илүү нарийн, цэвэрхэн хийцтэй болгох гол ажиллагаа болон угсрах ажлыг гараар гүйцэтгэдэг. Мөн ямар нэг амьтны сийлбэрийг машинаар бус дан гараар хийдэг байна.

Хүмүүсийн хувьд бүх зүйлийг нь гараар сийлээгүй учир үнэ цэнийн хувьд арай өөр гэж ойлгодог. Би бол үүнийг үгүйсгэдэг. Хэдийгээр автомат машин ажиллаж байгаа ч би тухайн бүтээлээ ямар хээ угалзтай, ямар байдлаар хийх вэ гэдгээ толгойдоо бодож, төсөөлж зургаа гараараа зурж бүгдийг бэлэн болгосны дараа компьютерт оруулж, түүнийг машин гүйцэтгэж байгаа шүү дээ. Тэгэхээр адилхан л хүний оюуны бүтээл болно. Нөгөө талаар машинаас гарсан бэлдэцийг илүү сайжруулж, угсрах ажлыг бүгдийг гараараа хийдэг. Ер нь техник технологи хурдацтай хөгжиж, бүхий л зүйлс автомат ажиллагаанд шилжиж байна. Энэ шилжилтийг сийлбэрч, урчууд дагаж, яагаад өөрсдийнхөө ажлыг хөнгөвчилж болохгүй гэж. Мэдээж зуун хувь гар аргаар хийсэн гэр гэдэг утга учрын хувьд илүү байж болох ч бид гар аргыг, автомат ажиллагаатай хослуулахдаа тухайн бүтээлийнхээ ялангуяа монгол гэрийнхээ үндсэн утга, агуулгыг алдагдуулахгүй байх нь чухал гэдгийг М.Ууганбаатар хэллээ.

М.Ууганбаатар одоогоор өөрийн дүүтэйгээ хамтран ажилладаг. Дүү нь мөн сйилбэр хийдэг. Тэр дүүдээ сийлбэр хийх аргыг зааж, мөн өвлүүлж буй. Тэд яг одоо бүтэн сийлбэртэй, иж бүрэн тавилгатай, арван ханатай гэрийн захиалгыг гүйцэтгэж байна.