Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

О.Анар:Дэлхийн хэмжээний шилдэг тамирчин болж ээж, багшийнхаа ачийг хариулахыг хүсдэг

Шилийн богд дугуйн клубын тамирчин, спортын мастер О.Анартай ярилцлаа. Тэрбээр мэргэжлийн тамирчин болоод хоёр жил болж буй бөгөөд тив, дэлхийд нэрээ дуурсгасан шилдэг тамирчин болохыг хүсдэг. Үүгээрээ ээжийнхээ ачийг хариулах нь түүний хамгийн том хүсэл мөрөөдөл болжээ.

Танд өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байцгаана уу. Намайг Одонтуяагийн Анар гэдэг. 17 настай. МСҮТ-ийн нэгдүгээр дамжааны суралцагч.

Дугуйн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Би Баяндэлгэр суманд наймдугаар ангиа төгссөн. Долоодугаар ангид байхад Т.Нандин-Эрдэнэ гэдэг биеийн тамирын багш маань намайг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд анх авч явсан. Зүгээр л өөрт байсан дугуйгаа унаж уралдаад хоёр төрөлд нь түрүүлж, алт авсан. Тэгээд л одоогийн С.Төмөрхуяг багш маань намайг олж хараад, шавиа болгож авсан. Яг багшийнхаа удирдлага дор ирээд, мэргэжлийн тамирчин болоод хоёр жил гаруй болж байна. Энэ дашрамд намайг тамирчны замд оруулж, өөрийнхөө шавь болгон чиглүүлж яваа багшдаа маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

Яагаад энэ спортыг сонгов?

-Би өөрөө спортод их дуртай. Яагаад ч юм надад дугуйгаас өөр надад тохирох, амжилт гаргах спорт байхгүй юм шиг санагддаг. Магадгүй миний ирээдүйд амьдралаа авч явах сонголт маань ч энэ спорт байх. Тийм болохоор өдөр шөнөгүй бэлтгэлээ хийж, гаргасан амжилтууддаа ханах биш илүү ихээр хичээдэг.

Уралдааны зам, дугуйн дээрх мэдрэмжээсээ хуваалцаач гэвэл?

-Дугуйн дээрээ гарах бүрт надад энэ спортдоо илүү дурлах бас хайрлах сэтгэгдэл төрдөг. Мэдээж уралдааны замд хурд хийх, барианд орж ирэх ялангуяа түрүүлэх мэдрэмж үнэхээр гоё. Олон үзэгчийн дунд салхи татуулаад орж ирэх ч бас л гайхалтай байдаг шүү.

Энэ төрлийн спортын тамирчдаас үлгэр дууриалал авдаг тамирчин байдаг  байх?

-Байлгүй яахав. Манай аймаг чинь дугуйн спортын дэлхийн аваргатай шүү дээ. Залуучуудын дэлхийн аварга, спортын мастер Б.Тэгшбаяр ахыг хүндэлж, үлгэр дууриалал маш их авдаг. Ах маань манай багшийн шавь болохоор заримдаа нутагтаа ирж бидэнтэй цуг бэлтгэл хийж, бас заавар зөвлөгөө өгдөг. Би яг л Тэгшээ ах шигээ дэлхийн тамирчин болохыг хүсдэг. Энэ бол миний хамгийн том зорилго. Ингэж байж багшийнхаа ялангуяа ээжийнхээ ачийг хариулахыг хүсэж мөрөөддөг.

Ээж нь мэдээж чиний хамгийн том дэмжигч байх?

-Тийм шүү. Ээж маань намайг бүх талаар дэмждэг. Дугуйн спорт өөрөө маш өндөр зардалтай. Дугуй болоод хувцас, эдлэл хэрэглэлүүд нь их үнэтэй байдаг. Тэр болгоныг минь авч өгөх гэж, хэрэгтэй зүйлээр минь хангах гэж ээж маань их хичээдэг. Ганцаараа намайг өсгөсөн болохоор тэр их ачийг нь яаж хариулах вэ гэж үргэлж боддог. Ээж минь миний бүх зүйл. Тийм болохоор өөрийнхөө гэхээсээ илүү ээжийнхээ төлөө дэлхийн хэмжээний шилдэг тамирчин болох болно.

Спортын мастерын болзлоо хангачихсан. Ингэснээр тив, дэлхийд гарах боломж илүү их нээгдэх байх?

-Тийм ээ. Яг одоогоор би өөрийнхөө насны ангилалд улсдаа чансаагаараа хоёрт эрэмбэлэгдэж байгаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сард спортын мастерын цолоо авсан. 2023 оны зорилго маань энэ байсан. Би зорилгодоо хүрсэн. Харин энэ жилийн хувьд гадагш гарч уралдахыг зорьж байгаа. Энэ эхлэл маань ч тавигдсан. Монголынхоо баг тамирчидтай хамт БНСУ-д очиж хамтарсан бэлтгэл хийхээр удахгүй явна. Тэндээсээ Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно. Ойрын хугацааны хамгийн том зорилго бол энэ уралдаандаа амжилт гаргах.  Одоогоор орон нутагтаа, багшийнхаа удирдлага дор найзуудтайгаа бэлтгэлээ хийж байна. Мэдээж Солонгост очоод уралдааны бэлтгэлээс гадна бусад орны тамирчдаас суралцаж, өөрийгөө илүү их хөгжүүлэх нь чухал гэж бодож маш ихээр догдолж, хүлээж байгаа.

Саяхан нэг уралдаанд оролцоод ирсэн байсан. Чиний хувьд дугуйн бүх төрөлд уралддаг юм байна гэж ойлгосон?

-Тийм ээ. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод болсон уулын дугуйн улирлын нээлтийн тэмцээнд оролцоод хүрэл медаль хүртээд ирсэн. Засмал замын болоод уулын, бартаат замын гээд бүх төрөлд уралддаг. Төрөл тус бүрт уралдах арга техник гэж байдаг.

Удахгүй өөр улсыг зорих нь байна шүү дээ. Улс эх орныхоо тэр дундаа аймгийнхаа нэрийг өндөр өргөөд, амжилттай оролцоод ирээрэй?

-Баярлалаа. Хичээх болно оо.

Зав гарган ярилцсанд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд чамайг дэмждэг, тусалдаг хүмүүстээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Мэдээж нэн түрүүнд ээждээ бас багшдаа баярлалаа гэж хэлье. Мөн бэлтгэл сургуулилтаа хийх боломжийг минь бүрдүүлж мэргэжлийн дугуйгаар хангасан УИХ-ын гишүүн Н.Ганибалд онцгойлон талархлаа илэрхийлмээр байна. Үүний араас клубын хамт олон, найзууд, анги хамт олон, ах дүү нартаа баярлаж явдагаа хэлье. Дугуйн спортыг дэмжиж, бидэнд үргэлж урам зориг өгдөг аймгийн удирдлагууд, бусад хүмүүстээ дахин дахин баярлалаа гэдгээ хэлмээр байна.  Би болон бид илүү их амжилт гаргаж, аймгийнхаа нэрийг тив дэлхийд гаргах болно оо.