Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Боксын тамирчид анх удаа олон улсын тэмцээнээс медаль хүртэв

Сүхбаатар аймгийн боксын өсвөрийн баг тамирчид анх удаа олон улсын нээлттэй тэмцээнээс медаль хүртлээ. Тодруулбал, Казакстан улсын Дорнод мужийн Өскемен хотын аварга шалгаруулах болон Алмата хотноо болсон нээлттэй тэмцэээнд оролцсон тамирчид бүгд хос медаль хүртжээ.

10 мянга гаруй километр замыг туулж, амжилтаар дүүрэн ирсэн баг,тамирчдыг нутгийн иргэд, сургууль, ангийн хамт олон, ар гэрийнхэн нь их жанжныхаа талбайд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм. Тамирчдын хувьд бүгд нэг ба түүнээс дээш жил уг спорт хичээллэж байгаа бөгөөд олон улсын тэмцээнд оролцож, гадны тамирчидтай хүч үзэн өрсөлдөх нь онцлог байсан гэдгийг хэлж байлаа.

Орон нутгаас баг тамирчид олон улсын тэмцээнд оролцсон нь болоод хос медаль хүртсэн нь аль аль нь анхдагч учир Сүхбаатар аймгийн боксын спортын түүхэнд гарч буй том амжилт бас өөрчлөлт юм гэдгийг дасгалжуулагч багш, ОУСМ М.Мөнхжаргал хэллээ. Тэрбээр орон нутагт олон жил орхигоод байсан боксын спортыг хөгжүүлэх, хүүхэд багачуудыг сургах зорилгоор нутагтаа ирж, клуб хичээллүүлж байгаа билээ.