Сүхбаатар аймагт олон угсаатан байдгаас дийлэнх нь Дарьганга. Энэ угсаатантай холбогдох түүх, соёлын дурсгал арвин бий. Түүний нэг бол хэлхээ тоонотой гэр юм. 1950-аад онд хийж, хэрэглэж байсан уг гэрийг хийдэг хүн байдаггүй. Өөрөөр хэлбэл соёлын нэгэн биет өв устаж үгүй болох эрсдэл ойрхон байна.
Уг гэрийг сархинаган тоонот гэж ч нэрлэдэг. Тооно нь уньтайгаа хэлхээтэй, голчоороо хоёр салдаг ч байдаг. Нүүж суухад хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй, агаарын солилцоо сайтай, халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаахан гэх мэт олон тодотголыг энэ гэрт өгч болно. Хэлхээ тоонотой гэр нь ихэвчлэн дөрвөн ханатай байх бөгөөд унь 60 байдагтай холбоотойгоор, жаран чавганц цагаан сүүлтэй гэх хошин оньсого хүртэл гарчээ. Модон хаалга байхгүй эсгий хаалгатайн дээр одоогийнх шиг пийшин зуух гэж байхгүй ил гал буюу тулганд галаа түлдэг байсан учир өндөр тоонотой бол гэр амархан хөрдөг гэж үзэн намхан хийдэг байжээ.
Мөн ямар ч ширүүн салхи, бороонд унадаггүйгээр үл барам хаяаг нь дээш сайн шуухад үерийн ус дайраад өнгөрөхөөс биш аваад хаячихдаггүй гэж хүмүүс ярьдаг. Хожим унь тооно нь саланги болж хатгуур тоонот гэр үүссэн гэж үздэг.
Дарьгангынхан гэрээ модон тавилгаар тохижуулдаг байжээ. Хоймрын авдар, тавиур, суудал, өлгүүр зэрэг нь үндсэн тавилгууд нь нэг ч хадаас ороогүй, углуургын аргаар хийгдсэн гэдгээрээ онцлог. Тэр ч бүү хэл эрт дээр үеэс нохойгоо өрх гэрийн нэг гишүүн хэмээн үзэж хүндэтгэдэг байсан бөгөөд мөн л модон идүүрийг нохойдоо зориулан хийж, аяга адил хүндэтгэн үздэг байжээ.
Монгол гэрийн үндсэн хэрэглүүрийн нэг бол оосор, бүслүүр. Монголчууд гэрийнхээ оосор бүслүүрийг малынхаа үс хялгас, ноосоор хийдэг байсан уламжлал өдгөө ч бий. Малын хялгасаар, гараараа хийсэн оосор бүслүүр хамгийн бат бөх, удаан эдэлгээтэй байдаг.
Сүхбаатар аймгийн хэмжээнд хэлхээ тоонотой гэр арав хүрэхгүй үлдсэн. Дарьганга хошууны зарим сумдад иргэдийн гар дээр хадгалагдаж байгаагаас гадна Угсаатны зүйн музей, Дарьганга зочид буудалд бий. Эндээс эртний Дарьганганыхны амьдралын хэв маяг, онцлогийг шууд харж болно. Гэвч цаашид хэлхээ тоонотой гэрийн хийцийг илүү нарийн судлах, үлдсэн гэрүүдийг хадгалж авч үлдэх, хамгаалах талаар соёлын бодлогодоо тусгаж ажиллах шаардлагатай байгааг аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.Золхүү ярилаа.
Гэр нь яс мод болон бүрээс гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Хэлхээ тоонотой гэр нь баганагүй гэдгээрээ онцлог бөгөөд тооно, унь, ханыг бургасаар хийдэг байжээ. ЯС модоо бэлтгэхдээ Халх голоос бургас авчирч нойтон бургасаа дугуй хэлбэрт оруулж хатаах, эсвэл хатсан бургасаа халааж дугуйруулна. Тоононыхоо үндсэн рамыг гаргасны дараа униа тоонотойгоо тэмээний үдээр буюу арьсаар бэхэлдэг гэх ам дамжсан яриа олны дунд үлдсэн байдаг.
Монгол гэр бол төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт гэр сууц юм. Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн ерөнхий хэв шинж нь бүрэлдэн, нүүдэлчин хүний амьдралын гол оромж хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд одоо ч олны сонирхлыг ихээр татдаг билээ.