Уулбаян сумын иргэн, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч Б.Дэнсмаа монгол гэрийн оосор, бүслүүрийг 25 дахь жилдээ уламжлалт аргаар хийж байна. Тэрбээр гэрт шаардлагатай оосрыг иж бүрнээр нь хийдэг бөгөөд өөрийн хийсэн бүтээгдэхүүндээ 30 жилийн баталгаа өгдөг.
Оосор бүслүүрийн гол түүхий эд нь адууны дэл. Дэлээ цуглуулсаны дараа саваагаар савж хог, хялгасыг ялгана. Энэ нь хамгийн гол бэлтгэл ажил, бас хамгийн их хугацаа шаарддаг. Хялгасаа урахдаа аль уртыг нь сонгодог байна. Учир нь богино хялгас томох явцад хөвөрч унах, залгаа их орохын зэрэгцээ эдэлгээ бага байдаг.
Хогноос нь салгаж бэлтгэсэн хялгасаа урна, түүдэглэнэ, томно хамгийн сүүлд нийлүүлж оёно. Оёх утсаа мөн өөрөө бэлтгэдэг. Тэмээний эр ноосыг ээрүүлдэж утсаа хийдэг бөгөөд эм ноосоор хийсэн утас хэврэг байдаг гэнэ. Монгол гэрт гадна, дотор бүслүүр, чагтага, унийн боолт, тоононы татлага зэрэг шаардлагатай. Энэ бүгдийг Б.Дэнсмаа хийнэ. Нэг бүслүүрт 30 орчим килограмм дэл ордог. Түүхий эдийн олдоц харьцангуй их, голчлон малчдаас худалдан авдаг байна.
Бэлтгэл ажил хангагдсаны дараах хамгийн чухал ажил бол томох. Томолтоосоо тухайн оосор ямар болох нь шууд хамаараг. Сул томсон тохиолдолд бөл цөл ихтэй болж, оёх үед оньч үүсдэг. Жигд, чанга томж хийсэн бүслүүр цэвэрхэн болдог. оёхдоо хүртэл утас хоорондын зай нэгэн жигд, чанга сул нь ч ижил байх ёстой. Ингэж байж хүссэн оосор бүслүүр маань бүтдэг. Олон жил хийж байгаа болохоор миний хийсэн оосор бүслүүрийг хүмүүс мэддэг болчихсон. Улаанбаатар хотоос хүртэл захиалж авах тохиолдол бий. Намрын найр хуримын цагаар ачаалал их байдаг. Яг тэр үедээ хоёр хүнийг түр ажлын байраар хангадаг. Мөн жил бүр орон нутагтаа болон улсын хэмжээний үзэсгэлэн худалдаанд оролцдог. Ийм төрлийн бүтээгдэхүүн хийдэг хүн аймагт цөөнгүй байдаг ч миний хувьд анх л ээжээсээ сурсан аргаар, бүгдийг гараараа хийхийг илүүд үздэг болохоор захиалагчдадаа 100 хувь чанарыг амлаж чаддаг. Хялгасаа бэлтгэх, томох зэргийг сүүлийн үед техник ашиглан хийдэг болсон байна лээ. Гэхдээ миний хувьд цэвэр гараараа, уламжлалт аргаар хийдгээрээ онцлог. Анх тугалын ногт хийж, сурч байлаа. Ээжээсээ өвлөж авсан энэ зүйлээ одоо дунд охиндоо өвлүүлэхээр зааж сургаж, өөртөө туслуулдаг. Монголчууд эртнээс л яг энэ аргаар гэрийнхээ оосор бүслүүрийг хийж байсан, цаашид ч хийгдсээр байх ёстой гэж боддог учир охиндоо өвлүүлж өгсөн Б.Дэнсмаа ярилаа.
Ингэж гараар хийсэн оосор бүслүүр нь бат бөх болохын зэрэгцээ бороонд норж, хатах тусмаа илүү чангарч, эдэлгээ нь уртасдаг. Тэрбээр өөрийн хийсэн нэг бүслүүрийг 250 мянгаар үнэлдэг байна.