Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Жаахан шаргын нутаг монгол бичгийн уралдаан бүсийн хэмжээнд өрнөж байна

Үндэсний бичиг үсгийн баярын тохиолдуулан жил бүр зохион байгуулагддаг “Жаахан шаргын нутаг-2024” монгол бичгийн уралдаан үргэлжилж байна. Дөрөв дэх жилдээ болж буй тус уралдаан энэ жил бүсийн хэмжээнд өрнөж буйгаараа онцлог.

Мөн уралдааныг Сүхбаатар аймгийн нэрт яруу найрагч Ишийн Батсүхийн нэрэмжит болгожээ.

Үндэсний бичгээ сэргээн хэрэглэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Титэм арт академийн санаачлагаар аймгийн БШУГ, Баруун-Урт сумын ЗДТГ хамтран зохион байгуулдаг бөгөөд Хэнтий,  Дорнод, Сүхбаатар аймгийн ЕБС-ийн багш сурагчид, төрийн болон ТББ-ын ажилтан, албан хаагчид, иргэд оролцож байна.

Зүүн аймгуудаас төрсөн сэтгүүлч, яруу найрагчдаа алдаршуулах, тэдний зохиол бүтээлийг сурталчлан таниулах, хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээг бий болгох, хамгийн гол нь үндэсний монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх нь Жаахан шаргын нутаг уралааны үндсэн зорилго. Энэ жилийн тухайд оролцочгид маань нэрт яруу найрагч И.Батсүхийн ном зохиолыг судалж, бүтээлээ туурвиж байна. Олон төрөлд бүтээл хүлээж авч байгаагаас энэ жилийн бас нэг онцлог нь хулсан үзгийн бичлэгийн төрөл нэмэгдсэн. Маш олон гайхалтай бүтээлүүд ирж байна. Манай академи бол хүүхдийн урлагийн боловсролыг дэмжин ажилладаг ТББ. Нөгөө талаар үндэсний соёл, үндэсний бичиг үсгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарч ажилладаг. Тиймээс энэхүү уралдаанд маш их ач холбогдол өгч, хамтрагчидтайгаа гар нийлэн ажилладаг гэдгээ Титэм арт академийн тэргүүн, урлагч судлаач Э.Ариунболд хэллээ.

Уралдаанаар нийт 13 төрөлд 36 бүтээлийг шалгаруулж зохион байгуулагчдын болон нэрэмжит шагналаар урамшуулна. Шалгарсан бүтээлүүдийг уламжлал ёсоор аймгийн Нийтийн номын санд хадгалуулна.