Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлйг зохицуулах зөвлөлөөс “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний хүрээнд ус аймгийн хэмжээнд байгаль орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, шийдвэрлэлт энэ төрлийн хэрэгт оноох хуулийн хариуцлагын талаар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Батнасангаас тодрууллаа.
Сүхбаатар аймгийн хэмжээнд байгаль, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
Сүүлийн 3 жилд шинээр үйлдэгдсэн гэмт хэрэг 31, 2024 онд 1 нийт 32 хэрэг үйлдэгдсэн байна. Энэхүү 32 хэрэг дээр өмнөх онуудад үйлдэгдээд шийдвэрлэгдээгүй байсан 13 хэргийг нэмж тооцоход сүүлийн 3 жил хагасын байдлаар нийт 45 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Эдгээр хэргийг хуульд заасан зүйлчлэлээр нь авч үзвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 25 хэрэг, хууль бусаар ан агнах 8, хууль бусаар мод бэлтгэх 4, ой хээрийн түймэр тавих 8 хэрэг байна.
Хамгийн ихээр үйлдэгдэж байгаа хууль бусаар ашигт малтмал олборлох болон хууль бус ан агнуурын талаар дэлгэрүүлбэл?
Сүхбаатар аймгийн хэмжээнд бусад байгаль орчны эсрэг хэрэгтэй харьцуулбал, хамгийн ихээр үйлдэгдэж байгаа хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг ямар нэгэн хохирол учирсан байхыг шаарддаггүй, өөрөөр хэлбэл, металл хайгч бариад алт хайсан, эсхүл газрын хөрсийг өнгөц сэндийчсэн зэрэг үйлдэл хийж, алт олсон эсэхээс үл хамааран төгс үйлдэгдсэнд тооцогддог хэрэг. Мөн дараагийн олноор үйлдэгдэж байгаа хэрэг нь Хууль бусаар ан агнах хэрэг бөгөөд Дарьганга суманд орших улсын тусгай хамгаалалттай газар нутагт цагаан зээр, тарвага агнаж байна.
Эдгээр хэргийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
Дээрх 45 хэргийн шийдвэрлэлтийн тухайд 75,5 хувь буюу 34 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. 15,6 хувь буюу хэрэг бүртгэлтийн 7 хэргийг хаасан. Мөрдөн шалгах ажиллагаанд 8,9 хувь буюу 4 хэргийн үлдэгдэлтэй байна.
Хэрэгт нийт хичнээн хүн холбогдож шалгагдсан бэ?
2021 онд 27, 2022 онд 15 хүнд, 2023 онд 21 хүнд, нийт 34 хэрэгт 63 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Энэ төрлийн хэрэгт шүүхээс ямар төрлийн ял оногдуулж шийдвэрлэж байна?
Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдэд шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ял зэргийг Эрүүгийн хуульд заасан хэмжээний дотор оногдуулж байна.
Байгаль орчинд учирсан хохирлыг хэрхэн нөхөн төлүүлж байгаа вэ?
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ 2021 онд 37,4 сая төгрөг, 2022 онд 396,9 сая төгрөг, 2023 онд 466,8 сая төгрөг, 2024 оны эхний 5 сарын байдлаар 70 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Аль ч төрлийн хэрэг дээр хуулийн байгууллагаас хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрх ашгийг нөхөн сэргээхийг чухалчилж ажилладаг. Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдэд хохирол төлүүлсэн тоон мэдээллийн тухайд, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс байгаль орчинд учруулсан 331,9 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гарсан.
Гэмт хэрэг үйлдэгчдийг дахин ийм төрлийн хэрэг үйлдүүлэхгүй байхад хэрхэн анхаарч ажилладаг юм бэ?
Шүүгдэгч нарыг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэж олсон 80 грамм алт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 310,8 сая төгрөгийн үнэлгээ бүхий 22 тээврийн хэрэгсэл, 18,8 сая төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг шүүгдэгч нараас хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Энэ дашрамд дурдахад байгаль орчны эсрэг хэргийг илрүүлэх, учирсан хохирлыг шинжээчээр тогтоолгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, эд зүйлсийг тогтоож үнэлүүлэх зэрэг ажиллагааг тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч нар гүйцэтгэж, нотлох баримтыг сайн бүрдүүлж байгаа. Тус Прокурорын газрын прокурорууд шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо хохирол төлүүлэх, тээврийн хэрэгсэл, эд зүйлсийг улсын орлого болгуулах санал тавьж, тус аймгийн шүүхээс хүлээн авч шийдвэрлэж байгааг дурдах нь зүйтэй.
Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Прокурорын газраас ямар ажил хийж байна?
Прокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулан энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээ тогтмол авч хэрэгжүүлдэг. Тухайлбал Прокурорын газраас санаачлан аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдыг хамруулан “Байгалиа хамгаалахад бидний оролцоо” явган аяллыг 2022 онд зохион байгуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Баруун голын эрэг дагуух 10 км орчим газрын хог хаягдлыг цэвэрлэж, иргэд, олон нийтэд байгаль орчноо хайрлан хамгаалж, бохирдуулахгүй байхыг уриалж, тухайн гол дээр амарч байсан иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлд заасан Усны тухай хууль тогтоомж зөрчих зөрчлийн талаарх гарын авлагыг бэлтгэж, иргэдэд тарааж ажилласан.
Хууль бусаар ан агнах хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилогдсон албан тушаалтан хуульд нийцээгүй албан бичгийг шүүхэд хүргүүлж, байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжлэхээс хууль бусаар татгалзсан тохиолдол 2021 онд гарсан тул энэ төрлийн алдаа зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар Сүхбаатар аймгийн болон сумдын сумдын засаг дарга нарт зөвлөмж бүхий албан бичгийг хүргүүлээд байна.
Ярицлагын төгсгөлд та иргэдэд юуг анхааруулж хэлэх вэ?
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ өндөр, тухайлбал сая дурдсан 2 төрлийн хэрэгт 5,4 саяас 27 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах заалттай. Дээрээс нь нэмээд байгаль орчинд учруулсан хохирлыг төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, эд зүйлсийг хураах зохицуулалттай байдаг тул энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхээр санал болгосон тохиолдолд бүрэн татгалзаж, тухайн санал болгогчийг ч мөн адил гэмт үйлдэл хийхээс татгалзуулах нь чухал.
Монголчууд бид байгаль эх гэж ярьдаг, байгаль орчноо хайрлан хамгаалах талаар баялаг өв уламжлалтай ард түмэн. Монгол Улсын Үндсэн хуульд байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг гэж заасан. Хэн нэгэн этгээд байгаль орчны эсрэг үйлдэл хийж байвал та Цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдэж иргэний журамт үүргээ биелүүлээрэй гэж уриалмаар байна. Хэрэв та өөрийн нэрийг мэдэгдэхийг хүсэхгүй байгаа бол Цагдаагийн байгууллагаас таны нэрийг нууцалж, аюулгүй байдлыг тань хамгаалж ажиллах хуулийн зохицуулалт байгаа. Байгаль хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоо туйлын чухал. Иймд байгаль орчноо хайрлан хамгаалцгаая гэж хүн бүрт уриалж байна.
Ярилцсанд баярлалаа.