Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Тангараг өргөөд ард түмнийхээ төлөө ажиллаж, амьдардагтаа бахархаж явдаг

“Хүн хаана байх нь чухал биш.

Хийх ёстой зүйлээ хийж, хариуцах ёстой ажлаа хариуцаж, нүүр бардам, итгэл төгс амьдрах хэрэгтэй”. Ю.Цэрэндулам ийм зарчимтай. Дуудлага хүлээн авагч гэдэг гал түймэр, гамшиг осол аль хэдийн гарчихсан үед буюу “өнгөрсөн цаг”-т ажил үүргээ гүйцэтгэдэг. Харин урьдчилан сэргийлэх асуудал хариуцна гэдэг “ирээдүй цаг”. Тиймээс элдэв “гай зовлонг” тойрох боломж хүн бүрт байгааг, өөрөөр хэлбэл залруулах боломжтой гэдгийг иргэдэд ойлгуулахын төлөө чармайн ажилладаг түүнийг Nematimes онцоллоо.

-Юмсүрэнгийн Цэрэндулам, Дорнод аймагт төрсөн. Ам бүл тав, нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийг спорт, аялал жуулчлалын багш мэргэжлээр төгссөн. Дунд сургуульд байхдаа цэргийн хүн болох мөрөөдөлтэй ч хүссэн сургуульдаа орж чадаагүй юм. Гэхдээ хүсэл мөрөөдлөө орхилгүй зүтгэсээр сургуулиа төгссөний дараа 2010 онд Дорнод аймгийн Онцгой байдлын газарт дуудлага хүлээн авагчаар ажилд орсон. Нөхөр Сүхбаатар аймгийнх, бид МУБИС-т суралцаж байхдаа танилцсан юм. Ханиа дагаж нутагт нь суурьших болж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангид 2013 оноос шилжин томилогдсон. Түүнээс хойш 11 жил өнгөрчээ.

-Анх дуудлага хүлээн авагчаар ажиллахдаа утас дуугарах үед их сандардаг байлаа. Туршлагажаад ирэхээр ярьж байгаа хүнийхээ цаад дуу чимээ, нөхцөл байдлыг нь хүртэл мэдэрдэг болчихсон. Гал түймэр болгон адил биш дахин давтагдашгүй өөр, өөр нөхцөл байдал үүсгэдэг. Тиймээс аль мэдээллийг түрүүлж авахаа ч эрэмбэлж сурсан. Одоо аймгийнхаа Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Дуудлага хүлээн авагчаар 10 гаруй жил ажиллахдаа иргэдтэй нүүр тулж биш утасны цаанаас харилцдаг байлаа. Одоо бол хүмүүсийн өмнө гараад ярина. Дуудлага хүлээн авагчаас эхэлж ажилласан нь надад давуу тал болж аль болох өмнөх туршлага, бусдад тохиолдсон практикт суурилж хичээлээ заахыг хичээдэг.

-Манай аймаг хавар намартаа түймэр ихтэй. Олон хоногоор үргэжлэх их хэмжээний түймэр гарна. Тэр үед олон хоногоор голомтод ажиллаж хиншүү үнэртүүлж, хөө тортог болж халтайсан хувцастай буцаж ирэх гал сөнөөгч-аврагчдаа хараад маш их бахархдаг. Боломжтойсон бол, тэднийгээ ажилдаа сэтгэл зүрх, цаг хугацаа зарцуулдаг шигээ гэр бүлдээ цаг гаргаж, ажил амьдрал, эрүүл мэндээ тэнцвэртэй авч яваасай гэж хүсэж явдаг. Тангараг өргөсөн дайчид болохоор байнга бэлтгэл бэлэн байдлаа хангаж дуудлага бүрт бэлэн байх үүрэгтэй болохоор гэр бүлдээ зарцуулах цаг үнэндээ хомс байдаг юм.

-Цэргийн хүнтэй амьдралаа холбоно гэдэг эрэгтэй хүнээс ихээхэн тэвчээр шаарддаг. Нөхөр маань ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг. Сурагчдынхаа бэлтгэл сургуулилалт, өөрийн хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг гээд бүхнийг зохицуулдаг тун завгүй хүн. Тушаалаар ажилладаг эхнэрээ сэтгэл тайван ажлаа хийх боломжийг олгож, ойлгож дэмждэг сайн ханьтай. Би азтай хүн. Бас би айлын том охин, хоёр дүүтэй. Нэг дүү хүний их эмч, бага нь Онцгой байдлын байгууллагад гал сөнөөгчөөр ажилладаг. Гурвуулаа тангараг өргөөд ард түмнийхээ төлөө ажиллаж, амьдардагтаа бахархаж явдаг.

Эх сурвалж: ОБЕГ