2023 оны байдлаар орон нутаг 17 уул уурхайн компанитай гэрээ байгуулсан ч гэрээний хэрэгжилтийг бүрэн хангасан зургаан компани байна. Харин үлдсэн компаниуд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ч өнөөг хүртэл үйл ажиллагаа эрхэлсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниуд орон нутагтай байгуулсан гэрээний биелэлт хангалтгүй байна.
Тиймээс дээрх компаниудтай цаашид орон нутаг хамтарч ажиллах эсэхийг хэлэлцэж, шийдэлд хүрэх, хариуцагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлага бий болжээ.
Энэ хүрээнд “Хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа-2024 ” уулзалт, зөвлөгөөн болж байна. Тус зөвлөгөөнд Сүхбаатар аймгийн хэмжээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын удирдлага, төлөөллүүд оролцож байна.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Түгээмэл тархацтай эрдэс баялгийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ гэсэн зорилт, бодлого, шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа онцолж байв. Мөн хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хамтран ажиллахаа хэллээ.
Энэхүү зөвлөгөөнийг жил бүр хийж, өнгөрсөн оныгэрээний хэрэгжилтээ дүгнэж, ирэх оныхоо гэрээг шинэчлэн баталдаг. Гэвч сүүлийн гурван жил зөвлөгөөн хийгдээгүй. Учир нь цар тахлын хөл хориотой холбоотойгоор ихэнх компаниуд үйл ажиллагаа эрхлээгүйтэй холбоотой.
Сүхбаатар аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч 116 ААНБ бий. Үүний 68 нь ашиглалтын 36 нь хайгуулын, 12 нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтынх байна.
Зөвлөгөөн хоёр өөр үргэлжлэх бөгөөд маргааш хамтын ажиллагааны гэрээг шинэчилж байгуулж, баталгаажуулах юм.